Булган аймагт нэр дэвшигчид сурталчилгаагаа эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-06-04 12:39:19

Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн 4-р тойрог буюу Булган аймагт 12 нэр дэвшигч өрсөлдөх юм. МАН, АН сонгуулийн сурталчилгааны нээлтээ Булган суманд зохион байгууллаа. 

            - МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, “Сод Монгол” группийн Ерөнхийлөгч Ц.Анандбазар нарын сонгуулийн сурталчилгаа Гурванбулаг сумаас эхэллээ. Тус суманд МАН-ын анхны үүр байгуулагдсан бөгөөд Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн төрсөн нутгаас сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж байгаа юм гэж МАН-ын нэр дэвшигчийн менежер Ц.Энхбат ярилаа. Гурванбулаг суманд 1921 онд “Очирт орон” хэмээх газар МАН-ын Монголын анхны үүр байгуулагдаж байсан түүхтэй юм.

            - АН-ын нэр дэвшигч “MGT Mining” ХХК-ийн захирал С.Гал-Эрдэнэ, “Очир чандмань” ХХК-ийн захирал Д.Өсөхбаяр нарын сурталчилгаа алдартнуудын өлгий Сайхан сумаас эхэлсэн гэж АН-ын нэр дэвшигчийн менежер Г.Ганжаргал хэллээ. Сайхан сум нь Монгол Улсын баатар С.Лхагвадорж, Ж.Нэхийт, Ж.Лхагвасүрэн, үндэсний бөхийн домогт аварга Ш.Намхай, Ш.Лувсанжамба, даян аварга С.Цэрэн, олимпийн аварга Н.Түвшинбаяр нарын баатарлаг, домогт хүчнүүд төрсөн нутаг юм.

         “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшсэн хуульч Б.Гүнбилэг тус аймгийн Баяннуур, Дашинчилэн сумаас сурталчилгаагаа эхэлсэн байна.

Тус аймагт энэ удаагийн сонгуульд “Та бидний эвсэл”-ээс Ш.Булган, Б.Санчир, “Шинэ эвсэл”-ээс Г.Батбаяр, Ц.Мэндээ, Зон олны намаас А.Манлайбаатар нар нэр дэвшиж, Б.Бат-Эрдэнэ, Б.Сүхбаатар, Г.Соёл-Эрдэнэ, Г.Ганчимэг нар бие даан өрсөлдөж байгаа юм.

Холбоотой мэдээ