Дугуйчид Хамарын хийд-Энергийн төвөөр аялав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-09 10:20:54

УБТЗ-ын Сайншанд татах хэсэгт ажилладаг  хэсэг залуу санаачилж “Зүтгэх хүч” унадаг дугуйн клуб байгуулж анхныхаа аяллыг тавдугаар сарын 07-нд Хамарын хийд-Энергийн төвийн чиглэлд зохион байгууллаа.

Нийт 28 дугуйчин  өглөөний 08.00 цагаас аймгийн төв талбайгаас хөдөлж Хамарын хийдийн чиглэлийн засмал замаар давхиж Энергийн төвөөр орж, хийд орчмын гэр буудалд тухлан унадаг дугуйн сэдвээр асуулт хариултын тэмцээн өрнүүлж хөгжилдсөн байна.

“Сайншанд хотын иргэдэд нийтийн биеийн тамирыг дэлгэрүүлэх, унадаг дугуйны ач тусыг таниулан сурталчлахад бидний аяллын зорилго оршсон. Хэдийгээр энэ үед цаг агаар салхи шуурга ихтэй байсан ч тэсвэр тэвчээр гарган хүрэх газраа хүрч, осол аюулгүй зорчлоо. Зүтгүүрийн депо байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн энэ онд тохиож  байгаа.

Ойг угтсан 60 бүтээлч ажил төлөвлөсний нэг нь  Сэлэнгэ аймгаас нааш Сайншанд хүртэл дугуйн аялал зохион байгуулах ажил. Бид ирэх зургадугаар сард  энэ аяллыг зохион байгуулна” хэмээн “Зүтгэх хүч” клубын ахлагч  Б.Ундрахжаргал өгүүлэв.    

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ