Лүн суманд 450 хүний суудалтай спорт цогцолбор барив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-05-29 17:17:31

Төв /МОНЦАМЭ/  Төв аймгийн Лүн суманд 2019 онд улсын төсвийн 1 тэрбум 100 сая төгрөгийн хөрөнгөөр 450 хүний суудалтай Спорт цогцолбор барьж эхэлсэн. Тус цогцолборыг ашиглалтад оруулахаар улсын комисс ажиллаж байна. 

 

Уг спорт цогцолбор нь 450 хүний суудалтай, фитнес өрөө, сургалтын танхим, эрэгтэй, эмэгтэй хувцас солих өрөө, ариун цэврийн өрөө, шүршүүр зэргээс бүрдэж байна. Стандартын шаардлагад нийцсэн спорт цогцолборыг түшиглэн сумын иргэдийн дунд уралдаан тэмцээн зохион байгуулахаас гадна, цэвэрхэн, ая тухтай орчинд бүсийн хэмжээний уралдаан тэмцээнийг зохион байгуулах бүрэн боломжтой юм.

Иргэдийнхээ ая тухтай амьдрахад зориулж Төв аймаг 2019 онд 99.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийсэн. Энэхүү спорт цогцолбор ашиглалтад орсноор сумын иргэдийг байнгын ажлын байраар хангахаас гадна баруун бүсийн сумдын томоохон арга хэмжээнүүдийг сумандаа хүлээн авч зохион байгуулах боломжийг бүрдүүлж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой гэж аймгийн Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ хэллээ.

Спорт цогцолборын барилгын ажлыг “Өгөөмөр-Уул” ХХК хийж  гүйцэтгэсэн аж.

 

Холбоотой мэдээ