Шатахууны чанарын шалгалтын дүнг нэхэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-05-27 14:46:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Д.Сайнбаяр өнөөдөр ШӨХТГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ. 

Тэрээр, "Шатахууны үнэ буурсан. Одоо чанарын тухай ярих хэрэгтэй байна" гээд ШӨХТГ өнгөрсөн сард ШТС-уудад шатахууны чанарыг шалгана гэж мэдээлж байсан. Чанарын шалгалт хийхэд олон талын үзүүлэлтийг нарийвчилдаг, цаг хугацаа ордог. Гэвч энэ талаарх нэгтгэсэн дүн мэдээлэл гарах хугацаа өнгөрөөд байхад өнөөдрийг хүртэл мэдээлээгүй байна гэв. 

"ШӨХТГ хяналт шалгалт явуулж, торгууль хүлээлгэх, зөвлөмж дүгнэлт гаргах эрх бүхий байгууллага боловч шатахууны чанарын талаар холбогдох мэргэжлийн байгууллага, лабораториор шатахууны үзүүлэлтийг гаргах талаар зохицуулж ажиллах эрх, үүрэг бий. Үүнийгээ хэрэгжүүлж ажиллана уу" гэсэн саналыг тэрээр илэрхийлж байлаа. 

Түүний хэлснээр ШӨХТГ 4 дүгээр сарын 20-нд шатахууны чанар, дүүргэлтэд АМГТГ, МХЕГ, Стандарт хэмжил зүйн газартай хамтран шалгалт хийж буй талаар мэдээлэл хийжээ. "Би тухайн үед энэ талаар тус газраас тодруулсан. Тэгэхэд шатахууны лабораторийн шинжилгээг 3 хоногт хийнэ гэж мэдээлсэн. Уг хяналт шалгалтын удирдамжийн хугацаа нь 30 хоног байсан. Энэ хугацааг сунгаж, шалгалтыг үргэлжлүүлэн хийж байгаа гэсэн хариу өгч байсан" гэв. 


Түүнээс гадна Монголын Шатахуун хэрэглэгчдийн холбоо шатахууны үнэ АМГТГ-аас мэдээлж буйгаас илүү хямдрах боломжтой байна гэдгийг мэдэгдлээ. Импортоор оруулж ирж буй газрын тосны бүтээгдэхүүний үнийг татвар, тээврийн болон үйл ажиллагааны зардал, өртөг зэргээр тооцоход бодит үнэ 5 дугаар сард:

  • А-80 автобензин литр нь 800 төгрөг,
  • Аи-92 900 төгрөг,
  • Дизелийн түлш 1400 төгрөг, 

6 дугаар сарын 15-наас 7 дугаар сарын 15-ны хооронд борлуулах үнэ:

  • А-80 1000 төгрөг,
  • Аи-92 1100 төгрөг, 
  • ДТ 1400 төгрөг болохоор тооцоо гарч байна гэв. Үүнийгээ тэрээр зах зээлийн зарчимд үндэслэсэн үнэ хэмээн тайлбарлаж, үүнээс үзэхэд шатахуун импортлогч компаниуд 40 хувийн ашигтай ажиллаж байна гэсэн юм. 


Мэдээллийн үеэр "Хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭ-ийн нэгдсэн хороо"-ны төлөөлөгч Г.Баатар төр, засагт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдсэн юм. Тэрээр, шатахууны үнэ буурсантай холбоотойгоор хуурамч шатахуун түгээж байж магадгүй тул энэ талаар дахин шалгах, хэрэв хуурамч шатахуун гарч, үйлдвэрлэж буй бол энд ашигладаг нэмэлт бүтээгдэхүүний Онцгой албан татвар ногдуулахыг шаардаж байна гэжээ. 

Яг энэ талаар АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр өчигдөр мэдээлэл хийхдээ, "Шатахууныг холих юм уу өөрчилж, хуурамч бүтээгдэхүүн болгон борлуулж буй явдал байхгүй. Бид импортоор орж ирж буй нефтийн бүтээгдэхүүний хэмжээгээр хэрэглээг хянаж байгаа" гэж мэдэгдсэн юм.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ