"Монголын нүүдэлчдийн нэг өдөр" арга хэмжээг малчид хамтран зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-05-07 23:05:10

“Монгол говь” нүүдэлч малчдын холбооноос анхлан санаачилсан "Монголын нүүдэлчдийн нэг өдөр" арга хэмжээг Өмнөговь аймгийн Ханхонгор сумын малчид хамтран зохион байгуулна.

8 дугаар сарын 5-ны өдөр Ханхонгор сумын Мандах багийн нутаг "Тэсгэнэ худаг" гэдэг газарт "Монголын нүүдэлчдийн нэг өдөр" аялал жуулчлалд зориулсан арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.  Энэхүү арга хэмжээний үеэр Монгол малчин айлын нэг өдрийн амьдралыг гадаад дотоодын жуулчдад сонирхуулах ажээ. Монгол ёс заншил, нүүдэлчдийн соёл уламжлалаа олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, түүгээрээ дамжуулан сум орон нутгаа улс аймаг, дэлхийн хэмжээнд таниулан зорилготой уг арга хэмжээ монголдоо анх удаа хийх гэж байгаагаараа онцлог юм. Үүний зэрэгцээ говь нутагт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, малчдыг аялал жуулчлалтай холбож нүүдэлчдийн аялал жуулчлалыг шинэ түвшинд гаргаж ирэх гол зорилгыг мөн агуулж байна. Энэхүү арга хэмжээг малчид өөрсдөө гардан гүйцэтгэж оролцох учраас маш онцлогтой давуу шинж чанартай ажил болно гэж зохион байгуулагчид үзэж байна.

Аялал жуулчлалын өдөрлөгийг ерөнхий зохион байгуулагчаар Монгол говийн нүүдэлч малчдын холбоо, Хамтран зохион байгуулагчаар Гүег хаан жуулчны бааз, Сайжрах говь жуулчны бааз, Ханхонгор сумын малчид оролцохоор болоод байна.  Мөн тус аялал жуулчлалын өдөрлөгийг хамтран зохион байгуулах иргэн, аж ахуй нэгжүүдийг нээлттэй оролцохыг малчид уриалж байгаа юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ