Шатахуун дахин хямдарч "Аи-92" бензин 1380 төгрөг болов

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-05-26 12:17:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын нефтийн бүтээгдэхүүний гол нийлүүлэгч ОХУ-ын "Роснефть" компани хилийн үнээ сүүлийн 3 сар бууруулж ирсэн талаар АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр өнөөдөр мэдээллээ. 

Тодруулбал, дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай уялдан шатахууны импортын хилийн үнэ өнгөрсөн нэгдүгээр сард тонн нь 630-646 ам.доллар байв. Тэгвэл энэ 5 дугаар сард дээрх үнэ өмнөх сартай харьцуулахад тонн тутамд 98-158 ам.доллароор буурчээ. Энэ байдал нь шатахууны үнэ манай улсын дотоод зах зээлд буурч эергээр нөлөөлж байгааг тэрээр онцоллоо. 


Тодруулбал, 3 дугаар сарын 18-наас эхлэн манай улсад А-80 автобензин литр тутамд 300 төгрөгөөр, Аи-92 45-95 төгрөгөөр, дизелийн түлш 0-120 төгрөгөөр, цаашлаад 4 дүгээр сарын 22-ноос А-80 автобензин мөн 300 төгрөгөөр, Аи-92 300, дизелийн түлш 190-310 төгрөгөөр, харин энэ 5 дугаар сарын 23-ны байдлаар А-80 50 төгрөгөөр, Аи-92 80-100 төгрөгөөр, Аи-95 автобензин 200, дизелийн түлш литр тутамд 160 төгрөгөөр тус тус дахин буураад буйг мэдээллээ. Нийт дүнгээр: 

  • А-80 380 төгрөгөөр,
  • Аи-92 475 төгрөгөөр, 
  • Аи-95 440 төгрөгөөр, 
  • дизелийн түлш 590 төгрөгөөр буураад байна. 

Тэгвэл бодит байдал дээр ямар байна? Нийслэлд шатахууны жижиглэнгийн борлуулалтын дундаж үнэ: А-80 1350 төгрөг, Аи-92 1360 төгрөг, Аи-95 1800, дизелийн түлш 1990 төгрөг байх ёстойг АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр мэдэгдлээ. 

Гэхдээ яг өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод шатахууны дундаж үнэ 1320-1400 төгрөг, Говь-Алтай, Завхан зэрэг алслагдмал аймаг, орон нутагт 1590-1670 төгрөгийн үнэтэй байна. Улсын дундаж үнэ 1426-1506 төгрөг байгааг АМГТГ-аас мэдээллээ. (Хэдийгээр нийслэлд Аи-92 бензиний үнэ литр нь дунджаар 1360-1400 төгрөг байгаа ч хөнгөлөлтийн карт зэргээр авахад нэг литр Аи-92 автобензиний үнэ 1300 төгрөг болж байгаа юм). 

Засгийн газрын 114-р тогтоолоор бүх төрлиййн шатахууны үнийг 300-400 төгрөгөөр бууруулах, үнийг тогтвортой байлгахаар шийдвэрлэсэн. Тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс үүний өмнө Аи-92 шатахууны үнийг  8 сарын хугацаанд тогтвортой барьж ирснийг тэрээр нэмж хэлэв.  Агаар орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Европ-5 бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, ААН-үүд шатахууны доод үнэд өөрчлөлт шинэчлэлт хийхээр болжээ.

Өнөөдөр манай улсад шатахууны буюу нефтийн бүтээгдэхүүний хомсдолгүй байна. Засгийн газрын 2019 оны 409-р тогтоолын дагуу шатахуун импортогч 22 ААН 133 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлээд буйг АМГТГ-аас мэдээллээ. 

5 дугаар сарын 19-ний байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 39 хоногийн нөөцтэй байгаагаас А-80 автобензин 61, Аи-92 33, дизелийн түлш 40, онгоцны түлш ТС-1 8 хоногийн нөөцтэй байна. Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 19-ний хооронд нийт 355.5 мянга гаруй тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. 


ШӨХТГ, МҮЭ-үүдийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн холбоо, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг зэрэг төрийн болон олон нийтийн байгууллагуудын хамтарсан зөвлөлөөс шатахууны үнэ буурсантай холбогдуулан худалдаа, үйлчилгээний газрууд компани, ААН-үүдийг бараа, бүтээгдэхүүний үнээ зохих түвшинд буулгахыг уриаллаа.



Дэлхийн зах зээл дээр 5 дугаар сарын 26-ны арилжаагаар "Брент" төрлийн газрын тосны үнэ нэг баррель нь 35.77 ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн үзүүлэлттэй харьцуулахад 17.5 хувиар өсжээ. Он гарсаар газрын тосны үнэ 50-60 хувиар унасан нь дэлхий дахинд COVID-19"-ийн цар тахалтай холбоотойгоор хөл хорио, хилийн хориг, хязгаарлалт зэрэг байдлаас үүдэн газрын тосны эрэлт буурчээ.

Өнгөрсөн 4 дүгээр сард ОПЕК-ийн гишүүн орнууд газрын тосны олборлолтоо 5 дугаар сарын 1-нээс эхлэн 11 гаруй сая баррелиар бууруулахаар шийдвэрлэжээ. Мөн зарим томоохон улс орнууд хоригийн горимоо цуцалжээ. Энэ бүх байдал нь "Брент" төрлийн газрын тосны үнэ өсөхөд нөлөөлж буйг АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр мэдээлэв. Гэхдээ олон улсын зах зээлийн үнийн хэлбэлзэл манай улсад сарын дараа нөлөөлж хилийн үнэд өөрчлөлт орж эхэлдэг байна.     




Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд ШӨХТГ, МҮЭ-үүдийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн холбоо, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг зэрэг төрийн болон олон нийтийн байгууллагын удирдлага, төлөөлөл оролцлоо. Тус байгууллагуудын хамтарсан зөвлөлөөс шатахууны үнэ 30 гаруй хувиар буурч ирсэнтэй холбогдуулан худалдаа, үйлчилгээний газрууд компани, ААН-үүдийг бараа, бүтээгдэхүүний үнээ зохих түвшинд буулгахыг уриаллаа. Ялангуяа энд такси, хүргэлт ложистик зэрэг тээврийн үйлчилгээний байгууллага, газруудыг шатахууны үнийн бууралтыг даган үйлчилгээний үнэ, төлбөр хөлсөө хямдруулахыг уриалав. 

Гэрэл зургийг Б.Чадраабал


Холбоотой мэдээ