Монгол бичгээр хичээнгүй цэвэр бичих уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-05-07 23:01:40

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын монгол бичиг сонирхдог насанд хүрэгч нийт иргэдийн дунд “Бидний бахархал монгол бичиг” сэдэвтэй хичээнгүй цэвэр бичих уралдаан зарлалаа.

Тус уралдааныг 5 дугаар сарын 17 хүртэл зарлаж байгаа юм. Өмнөговь аймгийн Төв номын сан тус аймгийн Хаан банктай хамтран зохион байгуулж байна. Дээрх уралдаанд оролцогчид говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” дууны эхний гурван бадгийг монгол бичгээр хичээнгүй бичиж ирүүлэх  ажээ. Үндэсний утга зохиолын нандин өв болсон монгол бичгээ хойч үедээ өвлүүлэн үлдээх, иргэдийг монгол бичиг сурч эзэмшихийг дэмжих, сурталчлах зорилготой тус уралдааныг өнгөрсөн оны уралдааны эхний гурван байрын эзэд шүүн тунгаах юм. Мөн тус уралдаанд монгол бичгийн багш нар болон мэргэжлийн хүмүүс оролцохгүй аж.

Энэхүү уралдааныг Өмнөговь дахь ХААН банк хоёр дахь жилдээ ивээн тэтгэж байгаа юм байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ