Сүхбаатарынхан 21 аймгаасаа дахин нэг алхам түрүүлж алхлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт анхны дээд зэрэглэлийн “Дарьганга” зочид
буудлыг барьж ашиглалтад орууллаа. Энэ бол ердөө дөрөв, таван жилийн өмнөх ажил
биш. Дарьганга зочид буудал сүндэрлэх анхны шанг одоогоос арван жилийн өмнө татаж байжээ.
Түүх сөхвөл, 2010 онд
Улаанбаатар хотын Чингис зочид буудалд Сүхбаатар аймагт хөрөнгө оруулагчдын
хөгжлийн чуулганыг зохион байгуулжээ. Тус чуулганд 10 гаруй орны 300 орчим хөрөнгө оруулагч оролцож, түүнээс
хойш Сүхбаатар аймагт хувийн хөрөнгө оруулалтаар хамгийн багадаа 300 гаруй тэрбум
төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Олон улсын
стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай, усан бассейн, хоккейн талбай, Номин
худалдааны төв, Зүүн бүсийн худалдааны төв, 2000 орчим өрхийн орон сууцны
хороолол гээд өнгөрсөн хугацаанд
хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дурдаад байвал их.
Энэ тухай Монгол
Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурь дурсан ярихдаа,
“Хүүхэд багачууд, ахмадуудад зориулсан амралтын төв, тоглоомын талбай, зам
талбай зэрэг төрийн үйлчилгээний ажлуудыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар
хийж болдог. Харин үүн шиг буудал болон
бусад үйлчилгээний газруудыг төсвийн хөрөнгөөр хийх боломжгүй. Тиймээс бид илүү
хөгжих боломжийг хайж эхэлсэн. Сүхбаатар аймгийн давуу тал, нөөц, ирээдүйг
гадны дотны хөрөнгө оруулагчдад танилцуулж байсан нь саяхан мэт боловч 10 жил өнгөрсөн байна. Тухайн үед
хэдэн тэрбумаар яригдах хөрөнгө оруулалтууд, тодруулбал долоон тэрбумын өртөг
бүхий зочид буудал, 16 давхар цамхаг гээд яг одооны эдгээр бүтээн байгуулалтын
ажлуудыг хийе гэж шийдвэрлэж байсан
түүхтэй. Нутгийн дүү нар ч амлалт өгч, энэ том ажлуудыг орон нутагтаа хийе гэж
сэтгэл шулуудсан. Ингээд ажил хэрэг болж
эхэлсэн ч харамсалтай нь улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан зарим ажлууд
зогссон. Улмаар хуулийн байгууллагаар шалгуулаад ямар нэгэн хууль зөрчсөн зүйл
байхгүй гэдэг нь тогтоогдсоны дараа буюу өнгөрсөн жилээс зочид буудлын ажлыг үргэлжлүүлэнн
хийж богино хугацаанд ашиглалтад орууллаа. Үнэхээр бахархаж бас баярлаж байна. Сүхбаатар аймаг ирээдүйд далайд гарах
төмөр болон авто замын гарцтай болох мөрөөдөлтэй. Үүнийгээ ч биелүүлэхийн төлөө
зүтгэнэ. Харин энэ замаар гадна дотны олон олон аялагч жуулчид, зочид
төлөөлөгчид, урлаг соёлынхон ирнэ. Тэд хамгийн түрүүнд дээд зэрэглэлийн буудал
шаардана. Үнэндээ бид өнгрөсөн жилүүдэд ганцхан үүн дээр гацаад байсан бол энэ
өдрөөс эхлэн тэдний өмнө нүүр бардам зогсохоор боллоо. Ингэснээр Сүхбаатарынхан 21 аймгаасаа дахин нэг алхмаар түрүүллээ” гэв.