Иргэд хоёр дахин үнэтэй импортын цемент худалдан авч байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-21 18:41:53
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилгын ажил идэвхжиж буй эдгээр өдрүүдэд манай улсад цементийн хомсдол үүсээд байна. Угтаа бол манай 4 том цементийн үйлдвэр дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй илүү гарсан цементээ экспортлох хүчин чадалтай ч өнөөдөр иргэд хоёр дахин илүү үнэтэй импортын цемент худалдан авч байна.


Биднийг "44" барилгын материалын зах дээр очиход дотоодын үйлдвэрлэгчдийн цементийн бөөний агуулахууд хоосон байлаа. Харин худалдан авагчид БНХАУ-аас орж ирсэн 1 тонн нь 300 мянган төгрөг буюу дотоодынхоос хоёр дахин илүү үнэтэй импортын цемент худалдан авч байсан юм. Импортын цемент үнэ ихтэй байгаа нь манай улс дотоодын үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор цементийн импортод 20 хувийн татвар ногдуулсантай холбоотой аж. Жижиглэн худалдаачдын хэлж буйгаар, цементийн хомсдол энэ сарын эхээр эхэлсэн бөгөөд дотоодын үйлдвэрүүдээс бага хэмжээтэй гарч байгаа цементийг ченжүүд их хэмжээгээр худалдан авч байгаа нь хомсдол үүсгэж, үнэ ихсэхэд нөлөөлжээ.


Манай улс жилдээ 1 сая тонн орчим цемент хэрэглэдэг. Энэ хэрэгцээг өдөртөө 2-3 мянган тонн цемент үйлдвэрлэдэг МАК Евро цемент,  Монцемент, Хөтөл, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Улаан цемент гэсэн 4 үйлдвэр бүрэн хангаад зогсохгүй 3 сая тонныг экспортод гаргах боломжтой юм.


Ийм байхад хомсдол үүсээд буйн шалтгааныг зарим үйлдвэрээс тодруулахад, Зүүн өмнөд бүсийн цахилгаан дамжуулах шугаманд хийсэн их засварын хүрээнд Дорноговь аймгийн хэмжээнд 5 хоног цахилгаан хязгаарласнаас үүджээ.


Тодруулбал, Дорноговь аймгийн Даланжаргалан суман дахь МАК Евро цемент компанийн үйлдвэр 5 дугаар сарын 11-14-нд 5 хоног цахилгааны хязгаарлалтад оржээ. Одоо үйлдвэр хэвийн ажиллаж байгаа бөгөөд өдөртөө 3 мянган тонн цемент үйлдвэрлэж Улаанбаатар хот руу ачуулж байна. Тус компани бүтээгдэхүүнийхээ үнийг нэмээгүй бөгөөд шуудайгаар тонн тутмыг нь 155.600 төгрөг, задгайгаар 148.500 төгрөгөөр борлуулж байгаа юм байна.


Монцемент компанийн Дорноговь аймгийн Өргөн суман дахь үйлдвэр мөн л дээрх хугацаанд цахилгаан тасарсан бөгөөд одоо хэвийн ажиллаж байгаа. Харин нөөц бүрдүүлэх шаардлагатай болсон учир нийслэл дэх үйлдвэр нь 5 дугаар сарын 15-аас 6 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд нийлүүлэлтээ зогсоох шаардлагатай болжээ.


Монголын барилгачдын холбоо үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг дотоодын үйлдвэрлэгчдээс шаардсан ч үр дүн гарахгүй 20 орчим хонож байгаа аж. Төр засаг үүнийг анхааралдаа авахгүй бол энэ зуны төлөвлөгөөт барилгын ажил зогсох хэмжээнд хүрээд байгааг онцолж байна.


Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч М.Батбаатар: “Дотоодын үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаар ажиллахгүй байгаагийн дээр, бэлэн мөнгөтэй ченжүүд зах зээлд гарч байгаа цементийг их хэмжээгээр худалдан авч хомсдол үүсгэж байна. Бүтээн байгуулалтад оролцож буй барилгын гүйцэтгэгч компаниудад хөнгөлөлттэй зээл өгч бэлэн мөнгөтэй ченжүүдээс зах зээлийг хамгаалмаар байна. Цаашид нөөцийн мах шиг тогтвортой бодлого энэ салбарт хэрэгтэй байгаа нь харагдаж байна. Урьд жилүүдэд ийм байдал гарч байгаагүй, үнэ болон нийлүүлэлт тогтвортой байсан. Энэ удаа улс төрийн шалтгаан байна уу гэх хардлага төрж байна” гэлээ.


Дээрх асуудлыг ШӨХТГ-аас шалгаж байгаа бөгөөд учир шалтгааныг удахгүй танилцуулна гэв.

 


Холбоотой мэдээ