Монгол Улсад 99 сая ам.долларын шуурхай санхүүжилт олгох хэлэлцээрт хүрэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-19 15:13:05
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОУВС-гийн ажлын баг Монгол Улсыг Covid-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх Шуурхай санхүүжилтийн хэрэгсэл (ШСХ)-д яаралтай хамруулах хэлэлцээрт хүрчээ. Уг саналыг ОУВС-гийн удирдлагаар батлуулж, ирэх сарын эхээр Захирлуудын зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэх хүлээлттэй байна.


ОУВС-гийн ажлын баг энэ сарын 11-13-нд Монгол Улсын эрх баригчидтай цахим уулзалт зохион байгуулж Covid-19 цар тахлын Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө, өрийн тогтвортой байдал болон бусад асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн.


Энэ үеэр ШСХ-д Монгол Улсыг хамруулах хүсэлтийг хэлэлцэж, төсвийн болон төлбөрийн тэнцлийн яаралтай төлбөрүүдийг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 72.3 сая зээлжих тусгай эрх буюу 99 сая ам.долларын санхүүжилт олгох ОУВС-гийн ажлын багийн түвшний хэлэлцээрт хүрсэн байна.


ШСХ-д хамруулах хүсэлтийг ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр баталснаар бусад донор орнуудтай хамтран Монгол Улсын төсөв болон төлбөрийн тэнцлийн яаралтай хэрэгцээг хангахад туслалцаа үзүүлэх юм. 


"Анхаарвал зохих нэн тэргүүний зорилт бол тахал өвчин болон түүний нөлөөнд хамгийн их хохирч болзошгүй эмзэг бүлэгт чиглэсэн Засгийн газрын үр ашигтай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх явдал юм. Түүнчлэн, цар тахлын макро эдийн засгийн тогтвортой байдалд учруулж буй дарамтыг бууруулахын тулд эрх баригчид зардлаа эрэмбэлэх замаар төсвийн сахилга батыг хангах, илүү уян хатан ханшийн системийг хүлээн зөвшөөрч ихээхэн хүчин чармайлт гаргаж хуримтлуулсан нөөцөө хадгалах шаардлагатай юм"  хэмээн ОУВС-гийн ажлын багийн ахлагч Жэф Готтлийб тэмдэглэжээ.  


Холбоотой мэдээ