“Өрх бүр мод тарья” аянаар модны суулгац үнэ төлбөргүй олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-05-19 15:08:12

Хэнтий /МОНЦАМЭ/ “Эко Жаргалтхаан” хөтөлбөрийн хүрээнд “Өрх бүр мод тарья” аяныг зарлаж, тус сумын ЗДТГ-аас өрх бүрт жимсний модны суулгацыг үнэ төлбөргүй олгожээ.

Сумын хэмжээнд өрх бүрийг нэгээс доошгүй жимсний мод тарьж, арчилж ургуулах, хашаанаасаа өөрсдийн жимсний хэрэгцээгээ хангадаг болгох зорилт тавин аянаа эхлүүлжээ. Ингээд иргэдэд модны суулгацаа арчлан ургуулах, услах зэрэг анхан шатны сургалтыг хийсэн байна. Аяны төгсгөлд модоо хамгийн сайн арчилж ургуулсан гурван өрхийг шалгаруулж шагнах аж.

Жаргалтхаан суманд үлгэр жишээ эко гэр бүл цөөнгүй бөгөөд өдгөө 55 жил ханилж байгаа Д.Сампилноров, түүний гэргий Д.Эрвээхэй нар өдгөө 20 орчим нэр төрлийн 200 гаруй мод бут бүхий бяцхан ойн төгөлийг хашаандаа ургуулж бүтээжээ. Мөн Жаргалтхаан сумын хамгийн хөдөлмөрч гэр бүл Н.Энхбаяр, Д.Сарантуяа нар мод үржүүлэх ажлаа 10 жилийн өмнө эхлүүлсэн байна. Анх хуш, нарс, мойлны мод тарьж байсан бол өдгөө үрэл, үхрийн нүд, нохойн хошуу, тэхийн шээг зэрэг 40 гаруй жимсний мод нэмж тарьжээ. Мод тарихад гол нь арчилгаа, усалгаа чухал гэдгийг тэд онцолж, хашаандаа 60 метр гүн худаг гаргуулж усалгааг шийджээ.

Жаргалтхаан сум 2200 хүн амтай, сумын төвд 280 хашаатай бөгөөд хашаа бүрийг моджуулах бодлогыг сумын зүгээс барин ажиллаж, найман настай балчраас 80 настай буурал хүртэл мод тарих үйлст нэгджээ. Ийнхүү Жаргалтхаан суманд мод тарьж сурсан, түүнийгээ бизнес болгон хөгжүүлсэн, өөрийн амины хашаагаа ойжуулсан, жимсний модноосоо өрхийн хэрэглээгээ хангаж байгаа олон өрх бий болж байна.

 

 

Холбоотой мэдээ