З.Цэвээнравдан: Үндэстэн тусгаар байхад гадаад үгээр ярих, бичих хэрэггүй

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-05-12 12:24:12
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Жил бүрийн дөрөв, тавдугаар сард Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулаад Монгол Улсын гавьяат багш З.Цэвээнравдангийн нэрэмжит олимпиадыг зохион байгуулдаг уламжлалтай. Гэхдээ энэ жил “COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд чимээгүй өнгөрлөө. Тйимээс монгол хэл бичиг, өв соёл, түүнийгээ хэрхэн сэргээх талаар өвгөн багштай хуучиллаа.


-Монгол хэл бичгийг таниулах, хүүхэд залуучуудад сургах талаар та их зүйл хийсэн. Олон хүнийг сургаж, ном гаргаж, монгол бичгээ өвлүүлэхийн төлөө төрсөн хүн шиг л байдаг. Энэ талаар өөрийнхөө бодлыг хуваалцана уу?

-Манай монголчууд 1000 гаруй жилийн бичиг үсгийн болоод соёлын түүхтэй орон. Энэ бол цөөхөн улс оронд байдаг соёлын их өв байх. Тэр дундаа манай үндэсний бичиг үсэг бол олон зууны турш Монголын ард түмнийг гэгээрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулснаас гадна жинхэнэ Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болдог.

Гагцхүү харамсалтай нь 1940-өөд оноос эхлээд кирилл бичиг үндэсний бичиг болж, монгол бичиг маань орхигдсон. Гэхдээ 1990 оноос ардчиллын буянаар соёлын шинэ эрин үе эхэлсэн гэх үү дээ. Тэр үеэс эхлээд монголын үндэсний бичиг үсэг, соёл, ер нь үндэсний зан заншлаа сэргээх ажлуудыг хийж байна.

Энд хүн бүхэн оролцох ёстой. Тэр дундаа монгол үндэсний бичгийг хүүхэд, залуу үе, ажилчид, албан хаагчид, малчид хэн ч байсан монгол хүн л мөн бол сурч, монгол үндэстэн гэдгээ батлан харуулах ёстой юм.

Хэл бичиг, уран зохиолын багш нар их үүрэгтэй байх ёстой. Төрийн байгууллагын албан хаагчид их үүрэгтэй байж, зохион байгуулалттай оролцох хэрэгтэй. Ингэж байж л бид мартагдсан соёлоо сэргээж, хэрэглэж занших учиртай. Цаанаа энэ чинь маш нарийн утга учиртай, эх орноо хайрлаж, тусгаар тогтнолоо хамгаалах гэсэн ухаан байгаа юм.

-Жил бүр таны нэрэмжит олимпиадыг зохион байгуулж, үндэсний бичиг үсгээ сургах ажлууд чамгүй хийж байна. Түүний үр дүнгийн талаар тодруулна уу?

-Бид яахав, сургуулийн сурагчид, залуу үедээ, мөн төрийн байгууллагынхандаа монгол бичгийг чадах чинээгээрээ зааж сургаж, бас чамгүй ололт, амжилтад хүрч байна.

Гавьяат багшийн нэрэмжит олимпиадыг 2004 оноос эхлээд жил бүр зохион байгуулж, жилдээ 500-700 орчим хүн оролцдог. Голдуу сурагчид оролцдог байсан бол сүүлийн 3-4 жилд сонирхогчид, насанд хүрэгчид, ажилчид, албан хаагчид оролцдог болж байна.

Энэ жил энэ айхтар өвчний улмаас тасалдлаа. Уг нь тасралтгүй хийж байх ёстой. Төр, хувийн хэвшлийн байгууллагууд, бичиг үсэг мэддэг, ялангуяа мэргэжлийн багш нарыг татан оролцуулах ёстой юм.

Миний бодлоор бол бичиг мэддэг нэг хүн хоёр хүнийг, хоёр хүн нь цаашаа дөрвөн хүнийг сургах гэх мэтээр явах юм бол бичиг үсгээ бүх хүн эзэмших нь амархан л даа. Одоо дунд сургуулиудад хэдийгээр монгол бичиг зааж байгаа боловч цаг нь цөөхөн, долоо хоногийн хоёрхон цагт хүүхэд юу ч сурахгүй. Хэл бичгийн хичээлийн зарим нэг шаардлага бага ч гэх юм уу, тэр бүр хүн болгон мэдээд байх шаардлагагүй үг зүй, өгүүлбэр зүй, авиа зүйн зарим хичээлийн оронд бага ангиас нь эхлээд 12 дугаар анги хүртэл монгол бичгийг үзээд явах юм бол дунд сургууль төгсөхдөө сайн бичигтэй хүмүүс гарна гэж боддог юм.

Монгол бичгийг сургахад хөдөө орон нутагт муу ажиллаж байна гэж би хувьдаа дүгнэдэг. Ялангуяа зарим сум, орон нутгийн ИТХ, ЗДТГ зүгээр л сурталчилгаа маягийн ажлуудыг хийж байна. Зориуд төрөөс зохион байгуулсан, хийсэн ажлууд ховор байгаад сэтгэл дундуур явдаг даа.

Мэргэжлийн хэдхэн багш нар хийгээд бүтэхгүй хэцүү ажил. 1940-өөд онд кирилл бичгийг сургахад насны хязгаар тавиад 50-аас доор насны бүх хүнийг хүчээр шахуу сумын төвд сар юм уу хугацаанд бүлгэм, дугуйлан ажиллуулаад бүх хүнээ сургаж байсан түүх байдаг. Ийм аргыг хэрэглэж байсан юм. За ингэдэггүй юм гэхэд ерөөсөө тэр байгууллага бүр, баг бүр монгол бичгийн сургалтыг байнга давтан явуулаад байвал хүмүүс сурч, хэрэглэдэг болно шүү дээ.

Сүүлийн 30-аад жил монгол бичгийг сурч байгаа, сурсан хүмүүс нэлээн олон байна. Энэ хүмүүст үүрэг даалгавар өгөөд, бас тодорхой цалин хөлс өгөөд ажиллуулаад байвал сургаж болмоор дүр зураг харагддаг.

-2025 оноос монгол бичгийг төрийн бичиг болгоно гээд байгаа. Үүнд хэр зэрэг бэлэн байгаа бол?

-2025 оноос эхлээд монгол бичгийг шууд төрийн бичиг болгох гээд нэг л өглөө Засгийн газрын шийдвэр гарахад сураагүй албан хаагчид төрийн байгууллагын ажилчид, аль ч мэргэжилтэн зарлиг, тушаал, шийдвэр нь монгол бичгээр гараад ирэхэд хүнд байдалд орох болчихоод байна. Тийм учраас наана нь ялангуяа алба хаах насны үүрэг гүйцэтгэдэг мэргэжилтэй боловсон хүчнийг яаралтай бичиг үсэг сургах ажлыг сум орон нутгийн төрийн захиргааны бүх шатны байгууллагууд үндсэн чиглэлээ болгоосой гэж бодоод л сэтгэлээ чилээж явна даа.

Хэдхэн хоногийн сургалт явуулчихаад л боллоо гэсэн шиг, сурсан гэх хүмүүстээ нэг үнэмлэх бичиг өгөөд, тэд нар нь 2-3 жилийн дараа гэхэд л нөгөө үзсэнээ мартчихдаг байдал байсаар байна.

Монгол бичиг болбоос кирилл бичгийг бодвол нэлээн ярвигтай, олон хувилбартай. Тэгэхлээр энэ бичгийг суръя гэж үнэн сэтгэлээсээ бодож, хүссэн хүн л хичээж сурна. Өөртөө эзэн болж сурахгүй бол гадны нөлөөгөөр сурна гэж үгүй юм.

-Монгол бичгийг сурахад орчин их чухал байх. Сонин, ном, хэвлэл гээд. Ийм орчин бүрдэж чадаж байгаа юу?

-Монгол бичиг сурахад орчин бүрдүүлэх нь их чухал байгаа юм. Юуны өмнө байгууллагын гадна хаягийг л гэхэд монгол бичгээрээ бичих хэрэгтэй. Хотод очсон ч тэр, аймаг, сумын төвд ирсэн ч дандаа л англи хаягтай, тэрийг нь мэддэг хүн цөөн. Тэрний оронд монгол бичгээр бичсэн хаягтай байвал хэчнээн сайхан. Байнга нүдэнд нь тусаад байвал хүн гэдэг чинь "энийг сурахгүй бол болохгүй нь" гэж боддог юм байгаа биз дээ. Хоёрдугаарт энэ ном, сурах бичиг, ялангуяа бага ангиас эхлээд их, дээд сургууль хүртэл хүүхдийн сурах бичиг ном товхимлыг монгол бичгээр хэвлэмээр байна. Тэр дундаа их сонирхолтой, сайн зохиолчдын зохиол бүтээлийг монгол бичгээр хэвлээд хүмүүс сонирхож, унших нь дамжиггүй. Ер нь ганц МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг "Хүмүүн бичиг" сониноос өөр монгол бичгээр гардаг сонин хэвлэл алга. Зарим сонин хэвлэлийг ч үндэсний бичгээр хэвлэж гаргавал яадаг юм бол, уншихгүй, баахан мөнгө гарздах хэрэг болох юм болов уу.

Ер нь жаахан хүч гаргахгүй бол зүгээр нэг уриалаад сурахгүй л юм шиг байна даа. 30-аад жил л уриаллаа, үр дүн бага байна.

Сурсан хүн нь цөөхөн, сурсан байлаа гэхэд дутуу, дулимаг зөвхөн унших төдий сурсан хүнийг бичигтэй гэж үзэж боломгүй. Ямар ч байсан сайхан алдаагүй бичдэг, чадвал найруулга зүйгээ сайн мэддэг, байвал сайн. Төрийн бодлого хэрэгтэй байна. БСШУСЯ, залуучуудын байгууллага, ахмадын байгууллага сайн ажилламаар байгаа юм.

50, 60-аас дээш насны монгол бичиг мэддэг хүн чинь арай түлхүү олон байгаа. За тэгээд мэргэжлийн хэдэн багш нараас өөр бичиг мэддэг хүн ховор байна шүү дээ. Чухам аймгийн Засаг дарга, сумын засаг даргыг шалгаад үзвэл ямар байдаг юм, би бол их мундаггүй л байгаа байх гэж бодож байна шүү. Ер нь удирдлагуудаасаа л эхлээд, ялангуяа УИХ-д нэр дэвшиж байгаа хүнийг ч гэсэн л дэвшүүлэхэд монгол үндэснийхээ бичгийг сайн мэддэг байх шалгууртай байвал бас нэг үзүүлэлт л юм.  

Монгол бичгийн ном хэвлэлүүд, одоо зурагт хэвлэлүүд байдаг ч юм уу, янз бүрийн телевизийн мэдээ, мэдээлэл, зар сурталчилгаа, монгол бичгээр явах юм бол хүнд сурах дохио санамж өгөх учиртай. Тэгээд мэргэжлийн багш нарыг сайн ажиллуулмаар байгаа юм.

-Тэгэхээр монгол бичгийг хүн бүрт зааж, сургахын тулд юу хийвэл зүгээр байна, энэ талаар өөрийнхөө бодлыг хуваалцаач?

-Тэтгэвэрт гарсан багш нарын хувьд бол үнэ төлбөр гэлгүй хэд гурван хүнд заагаад л явж байна. Багш нарыг ч бас чадавхжуулмаар л байна. Зөвхөн монгол бичиг ч биш юуг ч сурах байсан заах, заалгах хоёр хүн тал талаасаа л хичээх хэрэгтэй. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Сэтгэл зүйн бэлтгэл хийхгүйгээр сургаж чадахгүй юм шиг байна. Сэтгэл зүйн бэлтгэлтэй хүн бол гайгүй сайн сурчихдаг, бэлтгэлгүй хүн бол хойшоо тавиад байдаг.

Хүүхдүүдийн дунд нэг буруу ойлголт байна. Монгол бичиг сурлаа гээд ямар дэлхий нийттэй харьцах биш, англи хэл л байхад болно, сурахад төвөгтэй, ярьж байгаа, бичиж байгаа хоёр нь зөрдөг, хуучны бичиг гэсэн буруу ойлголт хандлагатай хүн их байна.

Залуучууд халширч байна, залхуурч байна. Ингэх юм бол сурахгүй л дээ. Монгол Улс үүн дээр бүрэн хүч зармаар санагддаг.  

Зарим багш нарын хувьд хөлс, мөнгөгүй бол хөдлөхгүй болсон цаг. Тэр ч тэгэх л байх, гэхдээ монгол хүн чинь Монголынхоо төлөө, эх орныхоо төлөө зүтгэх зүтгэл гаргалгүй л яахав. Эх хэл бичгээ заана, сурна гэдэг чинь эх орноо хөгжүүлэхэд оруулж байгаа их хувь нэмэр л гэж ахмадууд бид ойлгоод байдаг.

Монгол бичиг сурахад хүний хөгжлийг, тэр дундаа залуучуудын хөгжлийг л бичиг үсэгт хөтөлж өгөх энэ ажлыг л дорвитой хиймээр байна даа.

Монгол бичгээр унших ном, сонин, товхимол олноор хэвлэн гаргамаар байгааг дахин дахин хэлмээр байна.

-Монгол бичиг маань ёс уламжлалтай салшгүй холбоотой. Ер нь ёс уламжлалаа сэргээхийн тулд яах ёстой вэ? Таны хувьд монгол бичгийг судлах ажлыг ер нь хийж байв уу?

-Ёс уламжлал эргэн сэргэж байна. Гэхдээ л болоогүй. Хуучин юмаа устгаад байдаг, нураагаад байдаг. Хөшөө дурсгал ч байсан л нураачихна. Хөшөө дурсгал байвал байж л байг л дээ, энэ чинь монголчуудын түүх юм шүү дээ.

Монгол бичгээр гарсан байсан ном зохиолуудыг хүртэл л нэг хэсэг устгасан. Одоо буцааж олох гэж зовж байна, олдохгүй байна. Цөөн байгаа энэ үнэт дурсгалуудыг эзэн нь өгөхгүй байна, түгээхгүй байна. Тэгэхээр энийг ч гэсэн олох, нөөцлөхийн төлөө номын сангууд ажиллах хэрэгтэй. Бичиг үсгийн том дурсгалууд, ёс уламжлалын сайхан судар, данс хараа, ийм үнэтэй бүтээлүүдийг цуглуулж, үлдээж авах ажлыг хиймээр л байх юм. Энэ бол чухал дурсгал шүү дээ.

Миний хувьд монгол бичиг сурах арга барилын талаар зөндөө бичсэн. Төв хэвлэл, аймгийнхаа сонинд. Өөрийнхөө бичсэн ажил мэргэжлийн номондоо ч бичсэн. Ер нь бол монгол бичгийг сурахад сурах бичиг их хэрэгтэй юм л даа. Ардын багш Д.Төмөртэй нийлж, “15 хоногт монгол бичиг сурах арга зүй” гэдэг ном гаргасан. Одоо тэр ном ч бас ховордсон. Ялангуяа хөдөө орон нутагт олдоц муутай болсон. Миний хувьд монгол бичгийг яаж сурах вэ гэдэг арга зүйн талаар гайгүй үзэж харж, шавь нартаа сургах, дөт замыг хайсан, түүнийгээ бичиж үлдээхийг зорьдог доо.

Ер нь монгол бичгийг судална гэдэг их нарийн юм. Монголоос салбарласан ойрд бичиг, манж, буриадад гарсан монгол бичиг гээд ерөнхийдөө монгол бичиг чинь цаашаа бараг долоо, найман салбар болоод хувирсан байгаа шүү дээ. Энэ бүгдийг эрдэмтэд судалж л байгаа. Би бол тэгж судалдаггүй, зөвхөн гарсан бүтээлүүдийг уншиж танилцдаг л хүн.

Хамгийн гол нь сурах арга зүйг л их сайн хялбарчилж, түүнийгээ хүүхэд залуучуудад мэдүүлэх ийм л үүрэгтэй байх ёстой гэж боддог, түүний төлөө сэтгэл, оюунаа чилээж явдаг хүн дээ.

-Та хэдэн жил багшилсан бэ, их олон шавьтай болсон байх, өөрийнхөө ажил амьдралаас товч танилцуулахгүй юу?

-Би ч одоо 1951 онд л Сайхан-Овоо сумын бага сургуульд ороод, тэгээд Эрдэнэдалай сум болон аймгийн төвийн 10 жилийн сургуулийг төгсөж, дараа нь Багшийн дээд сургуульд суралцаж төгссөн хүн юм.  

40 гаруй жил багшилсан. 20 жил хичээлийн эрхлэгч хийжээ. Төгсөөд Дэлгэрцогт сумын сургуульд багшилж байгаад аймгийн 10 жилийн сургуульд багш, хичээлийн эрхлэгчээр ажилласан. Одоо хичээл заасан шавь нар гэвэл 5-6 мянга, даасан ангийн шавь гэвэл 360 гээд бодохоор 7000 орчим шавьтай юм уу даа. Хичээлийн эрхлэгч 20 жил хийнэ гэдэг чинь бараг сургуулийн бүх сурагчийг шавиа гэж үзэж болох шүү дээ. Тэгж тооцох юм бол олон л болох байх даа.

Олон сайхан эрдэмтэн, алдар цуутай болсон шавь нар байна л даа. Шавь нарын маань дунд доктор, профессор цолтой хүн 20-иод, гавьяат цолтой хүн 17 байна, цэргийн хурандаа, генерал цолтой хүмүүс байна. Олон сайн тамирчид байна, аймаг, сумын Засаг дарга нар, УИХ-ын гишүүд гэх мэтчилэн бидний шавь нар зөндөө олон бий.

-Та аймагтаа Монгол Улсын гавьяат багш гэдэг энэ эрхэм хүндтэй алдрыг авсан хэддэх хүн бэ, яг монгол хэлний багш нараас хэдэн гавьяат төрсөн юм болоо?

-Манай аймаг чинь их цөөхөн хүн амтай гэхэд 21 гавьяат багштай. Тэдний хоёр нь АУИС-д багшилж байсан эмч хүн байдаг. Тэгэхээр 19 гавьяат багш байна. Түүнээс найм нь монгол хэлний багш байгаа юм. Тэр бол их сайхан. Надаас өмнө манай аймаг гурван гавьяаттай байсан. Хамгийн анх миний анхны багш Ц.Пэлжээ, дараа нь Н.Мижиддорж, Д.Төмөр гээд энэ багш нар маань эрхэм хүндтэй цолыг авсан байсан. Тэгээд надаас хойш олон хүн гавьяат багш цолыг хүртсэн. Намайг бол “Монгол хэлний булган сүүлт” гэдэг юм.  

-Манай уншигчдад та өөр юу нэмж хэлэхсэн бол?

-Монгол бичиг сурах бол зайлшгүй, их сайхан зүйл. Монгол хүний нэг бахархал юм. Үүнээс гадна монгол хэлээ сурна гэдэг их чухал. Ний нуугүй хэлэхэд манай залуучууд, ялангуяа гадаадад сургууль төгссөн залуучууд, алба ажил хааж байгаа мэргэжилтэй хүмүүс эх хэлээ мэдэхгүй, дандаа буруу зөрүү ярина, дандаа гадаад үг хэрэглэнэ.

Одоо энэ чинь л Монголын уламжлал, зан заншилд үнэхээр сөрөг, муу нөлөө үзүүлнэ. “Театрт очоод касснаас билет аваад ир” гээд л ярьж байна. Уг нь монгол үгээрээ ярьж болох л үгнүүд байгаа юм. Тэгэхэд л тэгдэггүй.

Тогтоол, шийдвэрүүдэд ч гэсэн л гадаад үг их орж байна. Тэрийг нь малчид байтугай мэргэжил эзэмшсэн бид нар ойлгохгүй байдаг.

Гадаад үгийг хэрэглэж болно, гэхдээ түүнийг ямар нөхцөлд хэрэглэх вэ гэхээр үнэхээр тэр хэл хомсодсон, үндэстэн ууссан үед л хэрэглэдэг байх гэж би боддог юм. Үндэстэн тусгаар байхад гадаад үгээр ярих хэрэггүй юм даа.

Хүүхдээ монгол хэлд сургахгүй байна. Би 2008 онд “Зайлшгүй мэдэх монгол хэлний тайлбар толь” гэж гаргасан. Гэхдээ цөөхөн хэвлэсэн болохоор одоо ховордсон. Энэ мэтчилэн монгол үгийн тайлбар хиймээр санагддаг.

Жишээ нь “батрага” гэдгийг манай хүүхдүүд мэдэхгүй. Гахайн хоолыг ингэж хэлдэг юм. “Бойв” гэж мэдэхгүй. Энэ бол том лам нарын гутлыг хэлж байна. Гэх мэтээр үг хэрэглэгдэхгүй байна гэдэг чинь хэрэглээнээс гаргачихсан, өдөр тутам хэрэглэхгүй учраас хойч үе нь танихгүй болчихсон байна шүү дээ. Хэрэглээнээс гарсан гэхээсээ гаргачихсан гэдэг үг тохирмоор санагддаг.

Одоо овог, өвгөө мэдэхгүй болсонтой адилхан болчихоод байна. Биднийг хүүхэд байхад “соёлын довтолгоо” гэж гарч байсан. Тэрэн шиг одоо “хэлний довтолгоо” гэдэг юм уу, “хэл, соёлын довтолгоо” гэхээр юм уу, тийм л үйл ажиллагааг хиймээр байна. Баялаг үгээ мэдэхгүйгээс найруулга байхгүй, оюун санаа нь хөгжихгүй, сэтгэхгүй тийм л болоод байна даа.  

-Ярилцсанд баярлалаа. 

 

 

 

 

Холбоотой мэдээ