Газрын тосны компаниудад хийсэн хяналт шалгалтаар 3000 гаруй зөрчил илэрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-08 14:32:40
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-аас улсын хэмжээнд газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний агуулах, ШТС-уудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн хяналт шалгалт хийлээ.


Хяналт шалгалтад нийт 615 газрын тосны бүтээгдэхүүн олборлодог, худалдан борлуулж, хадгалдаг аж ахуйн нэгж байгууллагын барилга байгууламжийг хамруулан, гал түймэр гарч болзошгүй 3204 зөрчил дутагдал илрүүлж, 1341 зөрчлийг арилгуулсан байна. Бусад зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 392, мэдэгдэл 140, танилцуулга 55 бичиж албан тушаалтанд хүргүүлжээ.


Түүнчлэн өнгөрсөн оны 12 дугаар сард зохион байгуулсан төлөвлөгөөт хяналт шалгалтаар илэрсэн зөрчлөө арилгаагүй 17 газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож, 53 хуулийн этгээд, 9 хүнд Прокурорын байгууллагын зөвшөөрлөөр зөрчлийн хэрэг нээж, хянуулан холбогдох хууль тогтоомжийн дагуу 39.7 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авчээ.


Шалгалтаар галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг биелүүлээгүй, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл зэрэгт техникийн үйлчилгээ хийж, ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангаагүй, галын аюулгүй байдлын дүрэм, гал түймэр унтраах шуурхай төлөвлөгөөг боловсруулж, эрх бүхий этгээдээр баталгаажуулаагүй, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн албан тушаалтан, иргэн үйл ажиллагаандаа удирдлага болгон дагаж мөрдөөгүй, гал унтраах автомат систем суурилуулаагүй, ослын үеийн гэрэлтүүлэг төлөвлөөгүй зэрэг зөрчил нийтлэг илэрлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ