Д.Басандорж: Туул голыг хамгаалах нь бохирдлын мониторинг сүлжээг байгуулахаас эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-05-05 17:04:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл Улаанбаатар хотын хөрс, усны бохирдлын үндсэн гол эх үүсвэр нь хотын хүн амын 60 хувь нь оршин сууж буй гэр хорооллын хог хаягдал, шингэн бохироос үүдэлтэй байна. Энэ нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсоныг Монголын Байгаль орчин, иргэний зөвлөл (МБОИЗ) ТББ-ын гишүүн, хөрс судлалын эрдэмтэн судлаачид өнөөдөр “Эрүүл аюулгүй амьдрах орчин ба өнөөдрийн нөхцөл байдал” сэдвээр сэтгүүлчдэд мэдээллээ. 

МБОИЗ-ийн тэргүүн, доктор Б.Эрдэнэ, хог хаягдал, бохир, цэвэр усны хэрэглээ, хөрсний бохирдол зэрэг асуудлыг газар төлөвлөлтөд суулгаж цогцоор шийдэх хэрэгтэй байна. Үүнд УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж буй хүмүүс болон НИТХ анхаарч хог хаягдалд шинжлэх ухааны үндэстэй хандан инновац байдлаар хүлээн авч, олон жил ярьж буй хог устган шатаан, дахин боловсруулах үйлдвэрээ бариач хэмээн уриалж байна. 

Уг нь 2017 онд батлагдсан Хог хаядлын тухай хуулиар тусгай хэрэгцээний газрын олголт, газар төлөвлөлтөд тусгах, хог хаягдлын үйлдвэрийг ямар технологийн түвшнээр барих талаар хууль эрхзүйн хүрээнд бүгдийг шийдчихсэн зүйл. Эрхийг нь ингээд өгөөд байхад өнөөдрийг хүртэл нийгмийн хариуцлагын хүрээнд дээр доороо гүйцэтгэхгүй байна. Тиймээс аль нэг намын хог хаягдал гэж байдаггүй, энэ нь улс орны, нийтийн тулгамдсан асуудал учир шийдвэр гаргах түвшинд хэн ч, аль ч нам байсан олон талын оролцоотойгоор энэ асуудлыг зоригтой барьж аван шийдэхийг уриалж байна. 

ШУТИС-ийн доктор, Монголын "Усны түншлэл" ТББ-ын тэргүүн Д.Басандорж, хамгийн гол нь иргэд хог хаягдал, хөрсний бохирдлын талаар, тодруулбал, нүхэн жорлонгоо яаж сайжруулах, угаадсаа яаж цэвэршүүлэх зэрэг гол асуудлаар дутуу мэдээлэлтэй байна. Нэг үеэ бодвол өмнө нь бүхнийг дээрээс буюу төр, засаг бүхнийг хийх ёстой гэдэг хандлагаа өөрчилж, энд иргэд өөрсдөө оролцон бие даан амьдрах ёстой гэдэг болсон нь сайн талтай. 

Одоогийн нөхцөл байдалд COVID-ийн эерэг сөрөг талууд байна. Эерэг байдал гэвэл иргэд бохирдлоо цэгцэлж эрүүл, аюулгүй орчинд аж төрөх учиртайг ойлгож сахиж буй сайн талтай. Юу гэвэл корона нь ялгадсаар дамжин цааш халдварласан байдал гарч байсан. Үүнтэй холбоотойгоор иргэд болгоомжлох болсон. Ерөнхийдөө байгаль дэлхий глобал даяаршсан байдлаар бага бохирдох болж өөрөө ч гэсэн цэвэрших тал руугаа орж байна. 

Хүн төрөлхтөн ч тэр нэг гариг ертөнцтэй, хоорондоо хамааралтай байдгаа ойлгож ухаарч буй ийм өдрүүд үргэлжилж байна. Дулаарахтай зэрэгцэн хөрсний бохирдол газар, ус руугаа ордог. Ийм нөхцөлд иргэд муу ус, угаадсаа гадаа гараад цацдагаа больж, арай өөр байдлаар шийдэх ёстойг ойлгодог болсон. 


Манай нийслэлийн хувьд Туул голын бохирдол тулгамдсан зүйл хэвээр байна. Энд Туул голын хамгийн том бохирдуулагч эх үүсвэр нь Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж болчихоод байгаа. Уг нь цэвэрлэх ёстой байгууламж нь гол бохирдуулагч болсон. Тиймээс шинэ цэвэрлэх байгууламж 2024 онд ашиглалтад орохыг хүлээж ам таглахгүйгээр, түүнээс наана Туул руу 300 сая шоо метр бохир ус хаягдах тооцоотой байгаа учир Туул голоо онцгой анхаарч хамгаалах хэрэгтэй байна. Яаж шийдэж хамгаалах гэхээр юуны өмнө бохирдлын мониторингийн сүлжээг байгуулах хэрэгтэй байна. 

Ийм сүлжээтэй болчихвол нөхөр Басандоржийн хэлснээр бус, сүлжээнийхээ мэдээллээр ямар хэмжээний ус, усны нөөцийг бид яаж ашиглаж, тэр ус нь яаж бохирдож, ямар бохирдол давамгайлж буй нөхцөл байдлыг хянаад арга хэмжээ авч байх учиртай юм. Өнөөдөр манайд гадаргын усан дээр сүлжээтэй, гүний усыг бага зэрэг хянаж байна. Манайд ихэвчлэн ус, хөрсийг өтгөн шингэн зэрэг ахуйн байдал бохирдуулж буй учир ус, хөрсний бохирдлоо бууруулахын тулд гэр хороололд нүхэн жорлонгоо сайжруулахаас эхлэх учиртай байна. Түүнчлэн 4700 үйлдвэрийн бохир усыг хянах зэргээр нийгэм, эдийн засгийн цогц арга хэмжээг авч байж хөрс, усны бохирдлыг бууруулна.


Тодруулга: Улаанбаатар хотоос хоногт 200 мянган тонн бохир ус буюу 40 мянган машин бохир гардаг байна. Үүнийг Туул гол руу асгадаг аж.  Түүнчлэн гэр хорооллын нүхэн жорлонгоос 470 мянган тонн бохир гарч байна. 

Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсний нянгийн бохирдлын гүнийн тархалтыг тодорхойлох үүднээс 10 м хүртэл хөрснөөс дээж аван судлахад гэр хорооллын хөрсний хамгийн их нянгийн бохирдол 2.8-3.5 м дундаж гүнд байгаа нь илэрчээ. хөрсний бүтэц, нягтшил зэрэг үзүүлэлтээс хамааран нянгийн бохирдол 4-9 м гүнд тархсан байна. 


Б.Болд


Холбоотой мэдээ