ОХУ-аас Хөвсгөлийн харьяат 34 иргэнийг татан авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-04-30 17:41:58

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 25-р хуралдаан болж Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Түнхэн аймагт байгаа тус аймгийн харьяат 34 иргэнийг татан авах ажлын хэсгийг байгууллаа. 

Ажлын хэсгийн даргаар аймгийн ЭМГ-ын дарга, Шуурхай штабын дарга М.Үүрийнбаяр, нарийн бичгийн даргаар аймгийн МХГ-ын дарга А.Эрдэнэбаатар нарыг томилов. Тус иргэдийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор авч ирэх бөгөөд хаана тусгаарлах нь тодорхойгүй байна. Хилээр орж ирсэн иргэдийг Сэлэнгэ аймагт тусгаарлах боломжтой эсэх талаар хэлэлцэж боломжгүй бол орон нутагтаа авч ирэх юм байна.

Тусгаарлах иргэдийг халуун, хүйтэн устай өрөөнд нэг хүнийг нэг өрөөнд тусгаарлах стандартын шаардлага тавьж байгаа боловч Хөвсгөл аймагт бэлтгэсэн Ахмадын асрамжийн байр, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн байрууд стандартад нийцэхгүй байна гэдгийг Хөвсгөл аймгийн МХГ-ын дарга А.Эрдэнэбаатар хэлж байлаа. Яг одоо иргэдийг авч ирэх ажлын хэсэг хуралдаж хаана тусгаарлах талаар холбогдох байгууллагуудтай ярилцаж байна.

 

 

Холбоотой мэдээ