Шар өвс шатааснаас үүдсэн гал түймрийн дуудлага ихсэж байгааг ОБЕГ-аас анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2020-04-24 10:46:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хаврын хуурайшил, салхи шуургатай үед иргэд шар өвс шатааснаас үүдсэн гал түймрийн дуудлага ихсэж байгааг ОБЕГ-аас анхаарууллаа.

Өчигдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороон дахь “Хужирбулан”-гийн 15 дугаар гудамжинд иргэн Б-ын хашааны банз, шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж унтраажээ.

 

Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Шадивлан” зуслангийн “Задгай”-д мөн шар өвс шатаасны улмаас зуслангийн байшинд гал түймэр гарсныг Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34, 74 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид унтраасан байна.

 

Түүнчлэн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Богдхан-Уул”-ын “Жаргалантын-Ам”-нд шар өвс шатсаныг ОБЕГ, Үндэсний аврах бригадын алба хаагчид, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30, 14 дүгээр ангийн алба хаагчид унтраажээ.


Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа юм.  Иймд иргэд татсан тамхи, асаасан гал цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг таглаа бүхий нүх, саванд хийхийг анхааруулж байна. Хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгууль тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлдэг аж.

 

Холбоотой мэдээ