Ипотекийн зээлийг 6 сараар сунгана

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2020-04-23 19:11:32

Засгийн газар олныг хамарсан цар тахал (Covid-19)-ын үед иргэдийн амьжиргаа, ажлын байрыг хадгалахын тулд эдийн засгийн багц арга хэмжээ авч байгаа. Түүний нэг нь ипотек ( орон сууцны 8 хувь)-ийн зээлийн үндсэн төлбөр, хүү төлөх хугацааг 6 сараар сунгах юм. Ийм зээлтэй иргэд эхний ээлжинд харилцагч арилжааны банкиндаа 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө хүсэлт гаргах ёстой. Ипотекийн зээлийн үндсэн төлбөр, хүүний сунгалтад 64,687 зээлдэгчийг хамруулна гэж албаны хүмүүс мэдээлсэн билээ. Энэ нь Монголбанкаас хэрэгжүүлж эхэлсэн Монголын ипотекийн корпораци (МИК), Орон сууцны санхүүжилтийн корпораци (ОССК)-аас орон сууц барьцаалж олгосон зээлдэгчийн тоо болов уу.


Гэтэл ипотекийн 8 хувийн хүү (урьдчилгаа 30 хувь төлсөн иргэд)-тэй зээлийг арилжааны банкууд, аж ахуйн нэгж (барилгын компани)-үүд өөрийнхөө эх үүсвэрээр бас олгожээ. Тэдний зээлийг хэрхэн сунгах талаар МИК, ОССК (төр хариуцсан)-аас бусад эх үүсвэрээс зээлд хамрагдсан иргэд асууж байгаа юм. Үүнд УИХ-ын Өргөдлийн байнгын хороо (4 дүгээр сарын 15-ны өдөр) хуралдаж тэмдэглэлээр Монголбанкинд чиглэл өгсөн. Тус байнгын хорооны өгсөн чиглэлийн амин сүнс нь “арилжааны банк”-ны эх үүсвэрээр ипотекийн зээл авсан иргэдийг зээлийн сунгалтад хамруулах тухай байжээ.  Хуралдааны тэмдэглэлд “арилжааны банкуудад зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлт гаргавал оновчтой зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах саналыг УИХ-д ирүүлэх” гэж онцолжээ. Арилжааны банкууд төр (МИК)-өөс бусад эх үүсвэрээр олгосон ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийг сунгалтад хамруулаагүй нөхцөлд УИХ-ын Өргөдлийн байнгын хороо эрх зүйн зохицуулалт хийх боломжтой гэж үзжээ. Тус байнгын хорооны хуралдаанд Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин “ипотекийн зээлтэй нийт 97 мянган зээлдэгч байгаа” гэж мэдээлсэн. Тэгэхээр арилжааны банкууд болон аж ахуй нэгжүүд өөрийн хөрөнгөөр өнгөрсөн хугацаанд 25 мянга орчим иргэнд ипотекийн 8 хувийн зээл олгосон байж таарах нь. Тэднийг хамруулах талаар Монголбанк арилжааны банкуудтай хамтран ажиллах шаардлага үүсч байна.


МИК, ОССК нь хөрөнгөөр баталгаажсан (Ипотекийн зээлээр баталгаажсан бонд /ИЗББ/ гаргах)  үнэт цаасжуулах, хөрвөх чадвартай болгох гэсэн үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үнэт цаасжуулах үйл ажиллагааны хүрээнд орон сууцны ипотекийн зээлийг ИЗББ-ын арилжаа явуулдаг. Харин хөрвөх чадвартай болгох хүрээнд өөрийн эх үүсвэр болон Германы сэргээн босголт зээлийн банк (KfW)-ны орон сууцны санхүүжилтийг дэмжих төслийн хүрээнд хэлцлийг арилжааны банкуудтай хийдэг юм байна.


Тус корпораци 2017 оноос эхлэн зээлдэгчдийн орлогын бүртгэл, судалгааны программыг дотооддоо хөгжүүлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ. Тус программыг ашиглан зээлдэгчдийн хөдөлмөр эрхлэлтийг ангилах судалгаа явуулсан байна. Судалгаагаар Улаанбаатар хотын зээлдэгчид бөөний болон жижиглэнгийн худалдааны салбарт ажилладаг, харин орон нутгийн зээлдэгчид  төрийн байгууллага, батлан хамгаалахын салбарт ажилладаг гэсэн дүн гарчээ. 


"Зээлдэгчдийн өрхийн сарын дундаж орлого 2.7 сая төгрөг, ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн тал хувь нь 2 сая төгрөг хүрэхгүй өрхийн орлоготой байдаг. Мөн ИЗББ-ын багц (19, 20, 21дүгээр)-ын худалдан авалтад орсон орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн 43.3 хувь нь гэр хорооллоос амьдрах орчноо сайжруулан орон сууц худалдан авсан байна" гэж “МИК, ОССК”-ийн 2019 оны хагас жилийн тайланд онцолсон байх юм. Тэгэхээр ипотекийн 8 хувийн хүүтэй зээлдэгчдийн  үндсэн болон  хүү төлөх хугацааг 6 сараар сунгаж байгаа нь орлого багатай өрхийн иргэдийн зээлийн дарамтыг хөнгөлөхөд төр, арилжааны банкуудаас үзүүлж байгаа хамгийн том дэмжлэг гэж ойлгож болох нь.


Зээлийн эргэн төлөлт банкны зээлийн эх үүсвэр болдог. Гэхдээ арилжааны банкуудын чөлөөт үлдэгдэл (зээлийн эх үүсвэр) боломжийн (5 их наяд төгрөг албан бус) байгаа гэсэн мэдээлэл түгж байна. Дурьдсан хэмжээний зээлийн эх үүсвэр (чөлөөт үлдэгдэл) дутсан нөхцөлд арилжааны банкууд Монголбанкнаас 9 хувийн хүүтэй хямд эх үүсвэрийг ашиглаж зах зээлд, зээл гаргах боломжтой гэж Монголбакныхан тайлбар хийсэн. Арилжааны банкуудад зээлийн эх үүсвэр нэмэх боломж байгаа нь ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 6 сараар сунгах бүрэн боломжтойг харуулав гэлтэй. Энэ боломжийг зээлдэгчид ашиглах нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж мэргэжилтнүүд үзжээ. Боломж ийм байна. Түүнийг одоо арилжааны банкууд үүнийг хэрэгжүүлэх л үлдлээ. Гэхдээ ипотекийн зээлийн эргэн төлөлтийг сунгах хугацаа 6 сар гэдгийн иргэн танд дахин сануулах хэрэгтэй.

Холбоотой мэдээ