Өмнөд Африкт хөл хориог хэрэгжүүлэхийн тулд 70 мянга гаруй цэргийг нэмж байршуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-04-23 11:48:00

ПРЕТОРИА. /BBC/. Өмнөд Африкт коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах хөл хориог хэрэгжүүлэхийн тулд 70 мянга гаруй цэргийн алба хаагчийг нэмж байршуулна гэж тус улсын Ерөнхийлөгч Сирил Рамафоса мэдэгдлээ.


Өмнөд Африкт халдварын 3465 тохиолдол бүртгэгдсэн нь Африкийн орнуудаас Египетийн араас хоёрдугаарт бичигдэх өндөр үзүүлэлт юм. Мөн тус улсад халдварын улмаас 58 хүн нас барсан байна.


Өмнөд Африкт хөл хорионы хамгийн хатуу арга хэмжээнүүдийг тогтоосон боловч тэдгээрийг хэрэгжүүлэхэд хүндрэл учраад байгаа ажээ. Тус улсад өнгөрсөн гуравдугаар сарын 27-ноос эхлэн зөвхөн онц шаардлагатай ажилтнууд буюу эмнэлэг, санхүүгийн байгууллагын ажилтнууд, сэтгүүлч нар, жижиглэн худалдаа эрхлэгчдийг ажилдаа явахыг зөвшөөрчээ.


Мөн шаардлагатай үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд Засгийн газраас тусгай зөвшөөрөл авах шаардлагатай болжээ. Түүнчлэн гадаа гүйх, согтууруулах ундаа, тамхи худалдаалах, нохой салхилуулах, нэн шаардлагатайгаас бусад тохиолдолд гэрээс гарахыг хориглосон бөгөөд зөрчсөн тохиолдолд шоронд хорих юм уу өндөр торгууль ногдуулах ажээ.


Согтууруулах ундаа худалдаалахыг хориглосны дараа ийм төрлийн бүтээгдэхүүн худалдаалдаг дэлгүүрүүдийн лангуу хоосорчээ. Мөн цагдаагийн зарим ажилтан согтууруулах ундааны хууль бус наймаанд оролцсон хэрэгт холбогджээ. Согтууруулах ундаа худалдан авч, согтууруулах ундаа тээвэрлэсэн ачааны тэрэгнүүдийг хаацайлсан цагдаагийн ажилтнуудыг энэ сарын эхээр баривчилсан байна. 


Өмнөд Африкийн Ерөнхийлөгч 73180 цэргийг нэмж байршуулна гэж мягмар гарагт мэдэгджээ. Тус улсад тогтоосон хөл хорио энэ сарын 30 хүртэл үргэлжлэх юм. 


Мөн С.Рамафоса коронавирусний цар тахал дэгдсэн энэ үед компаниуд, ажилтнуудыг хамгаалахад 26 тэрбум ам.долларын эдийн засгийн тусламжийн багцыг гаргана гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, уг тусламж Өмнөд Африкийн дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувьтай тэнцэх ажээ. 

Холбоотой мэдээ