Берлиний тулалдааны талаар бидний мэдэх ба мэдэхгүй баримтууд

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2020-04-22 10:01:40

1. Берлиний тулалдаан бол Аугаа Их Эх орны дайны хамгийн сүүлчийн байлдааны ажиллагаа юм. Берлинийг чөлөөлөх Зөвлөлтийн цэргийн давшилтын ажиллагаа нь Гиннесийн дээд амжилтын номонд “түүхэн дэх хамгийн том тулалдаан” гэж тэмдэглэгдсэн байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. 300 км өргөн фронтоор явагдсан уг байлдаанд хоёр талаас нийтдээ 3,5 сая орчим цэрэг, 52 мянган их буу, миномет, 7750 танк, 11 мянга орчим нисэх онгоц оролцжээ.


2. Берлин хотыг чөлөөлөх давшилтын ажиллагаа одоогоос яг 75 жилийн өмнө буюу 1945 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр эхэлсэн. Давшилтын төлөвлөгөөний дагуу ажиллагаа эхэлснээс хойш 6 дахь хоногт Берлинийг эзлэн авч, үүнээс 6 хоногийн дараа давшилтын ажиллагааг бүрэн дуусгах ёстой байв. Хэрвээ төлөвлөсний дагуу ажиллагаа өрнөсөн бол Ялалтын баярын өдөр 4 дүгээр сарын 28-нд тохиох байлаа. 



3. Байлдааны бусад ажиллагаатай харьцуулахад Берлинийг чөлөөлөх тулалдаанд оролцогчдын дотроос хамгийн олон хүн одон медаль хүртсэн байна. Тухайлбал, “Берлинийг эзлэн авсны төлөө” медалиар 1 сая 100 мянган хүн шагнуулжээ.




4. Зөвлөлтийн нисэх хүчин Берлин хот болон захын дүүргүүдэд 6 удаа газар оны тандалт хийж, агаараас  нийтдээ 15 мянган ширхэг зураг авсан байна. Эдгээр аэрофото зураг болон олзлогдсон герман цэргүүдийн өгсөн мэдүүлэгт үндэслэн газрын зураг, схем болон Берлин болон түүний хаяа хотуудын үлгэрчилсэн загварыг /макет/ хийжээ. 


5. Берлиний ажиллагааны явцад Зөвлөлтийн арми нийтдээ 10 сая орчим ширхэг их бууны сум ба мина, “Катюша” тийрэлтэт системийн 241 мянган сум, 392 сая ширхэг бууны сум болон 3 сая орчим гар гранат зарцуулсан байна. Эдгээр сум хэрэгслийг 9800 вагоноор тээвэрлэсэн бөгөөд тэдгээрийг 14 м урт, их даацын вагон бүхий галт тэрэгний цуваагаар зөөсөн гэж төсөөлвөөс нийт вагонуудын урт 144 км болох юм. 


6. Берлиний ажиллагаанд Зөвлөлтийн тэнгисийн флотын анги нэгтгэлүүдээс Днепр мөрний флотил оролцсон байна. Дэслэгч Калинины удирдлагын дор 7 м-ийн урттай, пулемётоор зэвсэглэсэн хөнгөн хөлөг онгоцууд /катер/ Шпрее голыг олон удаа гаталж, 4 дүгээр сарын 23-25-ны хооронд  16 мянган хүн, 100 их буу, миномет болон бусад ачааг Шпрее голын нэг эргээс нөгөө рүү зөөжээ. 



7.Берлинийг чөлөөлөх ажиллагаа нь Аугаа Эх орны дайны үеийн их бууны нягтрал хамгийн ихтэй тулалдаан байв. Германы хамгаалалтын эхний шугамыг зөвхөн артиллерийн бөөн галаар устгасан байна. 1945 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гэхэд Зөвлөлтийн гурван фронтын анги нэгтгэлүүдэд нийтдээ 42 мянган ширхэг янз бүрийн загварын их буу байсан бөгөөд Беларусийн 1-р фронтын цохилтын 5-р армийн давшилтын зурвас дахь фронтын 1 км шугамд дунджаар 347 их буу, миномет байрлаж байжээ. 


8. Хотын дотор байлдаж байсан Зөвлөлтийн армийн дайралтын бүлгүүдийн хувьд байшингуудын дээд давхрууд, дээврийн хөндийд байрлаж байсан Германы галын цэгүүд хамгийн их аюул учруулж байжээ. Тэдгээр галын цэгийг танкийн их буу болон өөрөө явагч их буугаар сөнөөхөд хүндрэлтэй. Учир нь, их буунуудыг огцом өнцгөөр онилох боломж хязгаарлагдмал юм. Иймээс АНУ, Англиас лэнд-лизээр авсан хуягт тээвэрлэгч дээр байрлуулдаг зенитийн том калибрийн пулемётуудыг ашигласнаар Германы галын цэгүүдийг оновчтой устгаж байжээ. Мөн ДШК загварын зенитийн пулемётуудыг ИС танкан дээр байрлуулж байв. 


9. “Катюша” тийрэлтэт системийн сум нь 2 м-ийн урттай, бараг 95 кг жинтэй. Гудамжны тулалдааны үеэр Зөвлөлтийн цэргүүд харвах төхөөргийн рамыг цонхны тавцан дээр байрлуулаад германчууд руу эгц чиглүүлэн буудаж байжээ.  







10. Дайралтын явцад Зөвлөлтийн цэргүүд  “фаустпатрон” гэдэг танк эсэргүүцэх гранат шидэгчийг олноор нь олзлон авч байжээ. Харин уг гранат шидэгчийг байшингийн ханыг цөмлөхөд ашиглах гэж оролдсон боловч төдийлөн үр дүнтэй биш байв. 








11. Берлиний хамгаалалтын сүлжээний чухал хэсэг нь зенитийн их буунууд байрлах цамхагууд байв. Амьтны хүрээлэнд байрлах 39 м өндөр, 2,5 м зузаан  бат бөх бетонон ханатай энэ цамхаг Зөвлөлтийн цэргийн 152-203 мм-ийн их буунуудын галыг тэсвэрлэж байв.







12. Берлиний хамгаалалтанд германчууд сүмүүдийг ашиглажээ. Сүмүүд голдуу хотын талбайнууд дээр, гудамжнуудын уулзварууд дээр байрласан учраас эргэн тойрныг хянах, томоохон секторуудыг хамруулан гал нээх боломжтой. Нэг сүмээс гал нээснээр хэд хэдэн гудамжаар зэрэг давшиж буй Зөвлөлтийн цэргийг зогсоож байв. Тухайлбал, сүм дотор хориглон хамгаалалт хийж байсан Германы цэргүүд Зөвлөлтийн 248-р мотобуудлагын дивизийн давшилтыг Линден, Хохштрассе, Орланиен гудамжнуудын уулзвар дээр 2 хоногийн турш тогтоон барьсан байна. Сүмийг бүсэлж, газар дорх гарцуудыг нь хаасны дараа л 4 дүгээр сарын 30-нд эзлэн авч байжээ. 



13. Зөвлөлтийн цэргүүд Рейхстаг руу дайрахдаа 89 их буу, 40 орчим танк болон 6 өөрөө явагч их буугаар шууд чиглүүлэн галлаж байсан бол үүнээс олон тооны их буунууд хаалттай байрлалаас буудаж байв. 






14. 1945 оны 5 дугаар сарын 2 буюу Берлиний гарнизон бууж өгсөн өдөр ЗХУ-ын Ардын жүжигчин Лидия Русланова Рейхстагийн шатан дээр концерт тоглож, тоглолт шөнө дөл хүртэл үргэлжилжээ. Концертын дараа алдарт дуучин эмэгтэй Рейхстагийн багана дээр нэрээ сийлэв. 






15. Түүхэнд Орос болон Зөвлөлтийн цэргүүд Берлин хотыг гурван удаа эзлэн авч байжээ. Эхний удаад 1760 онд буюу “Долоон жилийн дайн”-ы явцад генерал Чернышевын командалсан Оросын цэргүүд Пруссын нийслэлийг эзэлсэн бол 1813 онд Наполеоны дайны үеэр Оросын цэрэг Берлинд нэвтрэн орж байв. /зураг дээр-Оросын цэргүүд Берлинд 1813 он/





16. Берлиний тулалдааны явцад Зөвлөлтийн танкийн анги нэгтгэлүүд асар их хохирол амсч, 1800 орчим танк, өөрөө явагч их буугаа алдсаны дотор 250-ыг нь германчууд “фаустпатрон” гэдэг танк эсэргүүцэх гранат шидэгчийг ашиглан устгажээ. 






17. Дайны сүүлчийн өдрүүдэд Гитлерийн хоргодож байсан газар дорх бункерийг Рейхийн тамгын газрын цэцэрлэгийн дор 17 м-ийн гүнд барьжээ. Хоёр давхар уг байгууламжийн хананы зузаан нь 4 м бөгөөд 4 нууц хаалгатай байв.

 





18. Берлинийг эзлэн авсан даруйд Германы эрдэмтдийг ангуучлах ажиллагаа эхэлж, түүнд Зөвлөлтийн СМЕРШ, Америкийн Стратегийн албадыг удирдах газар болон Их Британийн МИ-6 албаныхан шуурхайлан оролцов.

5 дугаар сарын 5-нд Зөвлөлтийн цэргүүд Узедон арал дахь Германы пуужин зохион бүтээх төвийг эзлэн авч, Хохвальд тосгон дахь газар дорх зэвсгийн үйлдвэрийг илрүүлжээ. Америкчууд ч тэднээс дутсангүй Нордхаузен хотоос 80 км-ийн зайд орших уурхайд нуусан 8 тонн техникийн баримт бичгүүдийг  олзлон авч, пуужингийн техникийн 500 мэргэжилтнийг АНУ-д авчрав. Баримт бичгүүд дотор шинжлэх ухаан-техникийн бүхий л салбарт холбогдох 1 сая гаруй патентжуулсан болон патентжуулаагүй шинэ бүтээлүүд байжээ. “Фау-2” пуужингийн төслийн ерөнхий зохион бүтээгч Вернер фон Браун Америкийн цэргүүдэд бууж өгөв.


Б.Адъяахүү 

Эх сурвалжууд: https://wot-news.com 

www.liveinternet.ru

www.argumenti.ru

 

 



  

Холбоотой мэдээ