МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт оюутан элсүүлэх журам батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-04-15 16:03:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн захирлын тушаалаар 2020-2021 оны хичээлийн жилд “Монгол Улсын Их Сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2020 онд оюутан элсүүлэх журам” баталлаа.

Элсэлтийн бүртгэлийг 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагт нээж 7 дугаар сарын 6-ны өдрийн 12:00 цагт хүртэл явагдаж Элсэх эрх олгох ажлыг 7 дугаар сарын 10-ныг дуустал зохион байгуулна.

МУИС-ийн босго оноо

МУИС-ийн босго оноо нь Улаанбаатар дахь бүрэлдэхүүн сургуулийн хувьд тус бүр /суурь болон дагалдах/ 480 онооноос багагүй, Завхан сургууль, Эрдэнэт сургуулийн хувьд БСШУСЯ-аас баталсан их, дээд сургуульд элсэгчдийн хангасан байх босго онооноос багагүй байна.

Шилдэг элсэгч нөхцөл

Бүртгүүлэгч нь сүүлийн 2 жилийн дотор дараах шаардлагыг хангаж байвал шилдэг элсэгч гэж үзэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ. Үүнд:

БСШУСЯ-наас тогтоосон Олон улсын олимпиадад оролцож 1-3 дугаар байр эзэлсэн, Улсын олимпиадад оролцож Хүснэгт 2-т заасан нөхцөлийг хангасан ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчийг тухайн чиглэлээр шууд элсүүлнэ.

Англи хэлний олон улсын шалгалтын IELTS 5, TOEFL iBT 35, TOEFL PBT 500, TOEIC 685-аас дээш оноотой бүртгүүлэгчдийг гүйцэтгэлийн хувиар жагсаан [1], эхний 3 байр эзэлсэн бүртгүүлэгчийг ШУС-ийн ХУС-д шууд элсүүлнэ.

Кембрижийн олон улсын AS (A) түвшний шалгалтын b (B)-ээс дээш оноотой бүртгүүлэгчийг сургууль бүрт шалгалт өгсөн чиглэлээр нь онооны дарааллаар жагсаан, эхний 3 байр эзэлсэн бүртгүүлэгчийг шууд элсүүлнэ.

Спортын өндөр ур чадвартай бүртгүүлэгчдээс комисс 5 хүртэлх бүртгүүлэгчийг шалгаруулан гэрээ байгуулж ШУС-ийн БУС, ХШУИС-д элсүүлж болно (Олимп, тив, дэлхийн тэмцээнээс медальт болон шагналт байранд шалгарсан, улсын өсвөр үеийн, улсын идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд медальт байранд шалгарсан).

Элсэгчдэд олгох тэтгэлэг

БСШУСЯ-наас тогтоосон Олон улсын олимпиад болон улсын олимпиадад оролцож 1-3 дугаар байрт шалгарсан элсэгчид сургалтын төлбөрийн 50-100 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно. Үүнд:

Олон улсын олимпиадад оролцож 1-3-р байр эзэлсэн элсэгчид 100 хувь;

Улсын олимпиадад оролцож 1-р байрт шалгарсан элсэгчид 100 хувь;

Улсын олимпиадад оролцож 2-р байрт шалгарсан элсэгчид 75 хувь;

Улсын олимпиадад оролцож 3-р байрт шалгарсан элсэгчид 50 хувь;

ЭЕШ-ын өндөр үнэлгээтэй элсэгчдэд сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно. Үүнд:

Суурь шалгалтад 780 буюу түүнээс дээш оноо авч Хууль зүйн сургууль, Бизнесийн сургууль, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд элссэн бол;

Суурь шалгалтад 750 буюу түүнээс дээш оноо авч Шинжлэх ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Завхан сургууль, Эрдэнэт сургуульд элссэн бол;

ШУС-ийн БУС-ийн багц 2 хөтөлбөрт элссэн суралцагчид сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно. Дараагийн жилээс сурлагын голч дүн 2.8 болон түүнээс дээш тохиолдолд сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно.

МУИС-ийн Байгаль эх лицей сургуулийн төгсөгч суурь шалгалтад 650 болон түүнээс дээш оноо авч Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд элссэн бол сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно.

Бакалаврын зэрэгтэй иргэн бакалаврын өдрийн хөтөлбөрт элсүүлэх

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 3 дугаар сарын 18-ны А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”-ын 7.1 дэх хэсгийг үндэслэн бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй иргэнийг бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэлтийн ерөнхий шалгалтгүйгээр элсүүлэн суралцуулж болно.

Элсэлтийн бүртгэл 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагт нээж, 6 дугаар сарын 1-ийн өдрийн 12:00 цагт явагдаж элсэх эрх олгох ажлыг 2020 оны 6 дугаар сарын 15-ны дотор зохион байгуулна.

 

 

Холбоотой мэдээ