ХААИС-д байхдаа орос хэлээс бусад хичээлээ монгол бичгээр бичдэг байлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-05-03 08:33:20

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн өндөр настан Ц.Гэндэн гуайтай уулзахаар зорьсон юм. Монгол бичигт сайн, архивт буй таталган бичсэн зүйлсийг гаргаж уншдаг цөөхөн хэдэн хүний нэг нь түүнийг гэдэг билээ.

Тиймээс л монгол бичгээ өдгөө ч орхилгүй, өөрийн тэмдэглэлээ ч монгол бичгээрээ хөтлөж байгаа түүнтэй монгол бичгийн талаар ярилцахыг хүссэн юм. Харин тэрээр  ярилцаж суух хооронд Их сургуулийн лекцүүд бичсэн, сум нэгдлийн дарга байхда хөтөлгөө хийж явсан хуучин тэмдэглэлийн дэвтрүүдээ сонирхууллаа. Ингээд ушигч олондоо түүнтэй хөрөөлдсөнөө хүргэе.

-Та хэзээнээс монгол бичиг сурсан бэ?

-1940 онд Ханхонгор сумын бага сургуульд 11 настайдаа орж, тухайн ондоо 4 сар монгол бичиг заалгасан даа. 1941 онд 9 сарын нэгнээс хичээллэж эхэлсэн юм. Хичээл эхлээд хоёр сар хэртэй монгол бичиг үзэж байгаад больчихоод латин үсэг гурван сар заасан. Одоогийнхоор англи цагаан толгой юм даа. Тэгээд л шинэ үсэг үзсэн. Тэр цагаас монгол бичиг хаягдсан гэхэд болно доо.

-Ангийнхнаас чинь монгол бичгээ орхилгүй судалсан хүн бий юу?

-Бид 1944 онд бага сургууль төгссөн. Тэгэхэд манай ангид монгол бичгээр бичдэг хүн тун цөөхөн төгсөж байсан. Тухайн үед сургуулиа төгсөөд Ханхонгор сумандаа эвлэлийн үүрийн даргаар үлдсэн н.Гунгаа гэж хүн монгол бичгээр бичдэг байсныг санаж байна. н.Цэгмэд, Б.Тогтох бид дөрөв л монгол бичгээ орхиогүй болов уу гэж бодож сууна.

-Монгол бичгийн ашиг тус юу вэ гэвэл та юу гэхсэн бол?

-Би хөдөө аж ахуйн техниккумын бүх лекцээ монгол бичгээр бичдэг байлаа. Тэрний буян байсан болов уу бүх хичээл дээрээ онц дүнтэй төгссөн. Сургуулиа дүүргээд 10 жил ажиллаад 1958 онд ХААИС-д орсон. Их сургуульд орос хэлээс бусад бүх хичээлээ монгол бичгээр бичдэг байлаа. Их сургуульд байхад Санжаасүрэн, Жамсран бид 3 адилхан монгол бичгээр бичдэг байсан юм. Маш хурдан бичиж болдог учраас багшийн амнаас гарсан үг бүрийг тэмдэглэдэг байлаа. Тиймээс  л хичээлээ сайн судалсан хэрэг шүү дээ. Сүхбаатарын цалинтай оюутан явлаа. Үүнийгээ би монгол бичгийн ач гэж боддог. Шинэ үсгээр бичиж байгаа хүмүүс ерөнхий ойлголтынхоо талаар хэдхэн үг дэвтэртээ биччихсэн суудаг байсан.

-Таталган бичихээрээ та гурав өрсөлддөг байв уу?

- Монгол бичгээр хурдан бичиж болж байна гээд 3-уулаа нэг өдөр багшийн амнаас гарсан “хий” бүрийг бичнэ шүү гэж тохиров. Багш хичээлээ зааж байх үедээ нэг удаа ханиасан юм л даа тэрийг нь би хаалтанд ханиалгав гээд биччихсэн. Хичээлийн дараа гурвуулаа бичсэнээ тулгаж үзэхэд огт зөрсөнгүй бичжээ. Тэр үед би “Багшийн амнаас гарсан хий бүрийг бичнэ гэсэн биз дээ. Та хоёр багш ханиасныг яагаад орхив” гээд нөгөө хаалтанд бичсэн үгээ үзүүлж тоглоомдоо ялж байлаа.  Маш хурдан бичиж болдогоороо бусад бичгээс давуу гэж л хэлнэ дээ.

- Таны энэ архивууд одоо ч үнэт зүйл болно доо?

- Өнгөрсөн онд бил үү дээ монгол бичгийн талаарх үзэсгэлэн нэгдүгээр сургууль дээр гарахад би энэ хэдэн дэвтрээ аваад очсон. Тэр үед хүмүүс их гайхаж байсан даа. Алдаагүйгээр ингэж бичнэ гэж байдаг аа гээд гайхах хүмүүс зөндөө байдаг л юм. Намын хороонд байхдаа ч, сум нэгдлийн дарга байхдаа ч хөтөлж байсан тэмдэглэлүүд минь дандаа монгол бичгээр бичсэн байдаг. Тэгж бичээд хэвшчихсэн гэх үү дээ. Хүн ярьж байхад л дагаад хэлсэн үг бүрийг нь биччихдэг учраас их амар.

-Тэр үеийн сайхан дурсамжаасаа хуваалцаач?

-Нутгаасаа дөрвүүлээ Эрхүүд мэргэжил дээшлүүлсан юм. Оросоор би гайгүй ч ойлгоно, нөгөө гурвын маань хоёр нь орос хэл дээрээ бүр таг, нэг нь муухан ойлгоно. Би хичээлээ монголоор бичнэ нөгөө гурав надаас хуулдаг байлаа. Нэг хичээл дээр суурин мал маллагааны талаар ярихдаа үе үе хөлийнх нь чилээг гаргаж бэлчээрт явуулж байх хэрэгтэй гэж хэлэхэд нь би залгуулаад “Гэхдээ заавал хүн дагаж явна. Яагаад гэвэл чоно иднэ” гээд биччихэв. Равдан миний бичсэнийг жаахан харж байсны хуулаад л бичлээ. Мандал тэрийг нь хараад бас л биччихлээ. Тэр үед нь би тэссэнгүй инээд алдаад өөрөө нэмж худлаа бичсэн минь баригдчихсан. Мандалыг “чоно” гэж хочилдог байсан юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ