Гал алдаж бусдын эд хөрөнгө, байгаль орчинд хохирол учруулахгүй байхыг сануулж байна.

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-04 18:17:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, "Шарга морьт"-ын аманд түймэр гарч, хэд хэдэн айлын байшин шатаж байна. Дэгдээд буй галыг унтраах, шалтгаан нөхцөлийг тогтоохоор Аврах, гал унтраах ангийн алба хаагчид ажиллаж байгаа” талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй мэдээллээ.


Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Гал түймэр Жигжид зусланд гарсан. Хаврын хуурайшилтын үед иргэд өнжмөл шар өвс шатаах, хүүхдүүд чүдэнз асааж тоглосон зэрэг санамсар болгоомжгүй байдлаас болж гал алдаж, бусдын эд хөрөнгө, байгаль орчинд хохирол учруулж байгааг онцлон анхааруулж байна.


Нийслэлийн онцгой байдлын газарт өнөөдөр 14 цагийн байдлаар гал түймрийн зургаан дуудлага ирснээс тав нь шар өвс шатсан дуудлага байв. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүннү моллын зүүн урд Арцатын аманд нэг га шар өвс шатсан дуудлага 13 цаг 19 минутад ирж, 14 алба хаагч унтраахаар ажиллаж байгаа аж.


Богдхан уулын хязгаарлалтын бүс, Тайны аманд автомашинтай иргэн тамхи татаж хаясны улмаас 1000 м, Хүүшийн аманд хоёр  хүүхэд чүдэнзээр тоглосны улмаас нэг га талбай түймэрт өртжээ. Мөн "Далан давхар"-т өнжмөл шар өвс шатаасны улмаас гал алдсан бол Зайсангийн аманд согтуу хүн гал гаргасны улмаас нэг га газар тус тус шатаасныг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Онцгой байдлын хэлтсээс унтраахаар ажиллаж байгаа юм байна.

 

Холбоотой мэдээ