Эрүүл мэндийн төвүүд гэрийн тусламж үйлчилгээг үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-04-02 17:37:22

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ЭМГ-ын зөвлөмжийн дагуу өрхийн Эрүүл мэндийн төвүүд гэрийн тусламж үйлчилгээг явуулж байна. 


Тодруулбал, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, өндөржүүлсэн байдалд шилжсэнтэй холбогдуулан ЭМТ-өөс иргэдэд хүргэдэг тусламж үйлчилгээгээ гэрээр нь очиж явуулж байгаа ажээ. Ингэхдээ эмнэлгийн хяналтад байдаг өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нярай хүүхдэд болон хөнгөлөлттэй эмийн бичилтийг ЭМТ-ийн эмч нар гэрт нь очиж хийж байна. ЭМТ-д үзүүлэх иргэдийн бөөгнөрөл үүсэхгүй, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, цаг хугацаа хэмнэсэн чухал ач холбогдолтой байгаа тухай иргэд сэтгэгдлээ илэрхийлж байлаа. 


Түүнчлэн Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумын 18 мянган оршин суугчдад эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх гурван Өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллалаа явуулж буй ба нэг эмнэлэгт өдөрт дунджаар зуны улиралд 40-50, өвлийн улиралд 130 гаруй иргэн үйлчлүүлдэг ажээ. Есөнбулаг сумын нэг өрхийн эрүүл мэндийн төвд дунджаар бүртгэлтэй 6500-7000 орчим иргэн харьяалагддаг ба оюутан сурагчид цуглахаар түр оршин суугчид нэмэгдэн 10 гаруй мянган иргэн болж өсдөг байна.


Холбоотой мэдээ