У.Хүрэлсүх: Чингис хаан музей танин мэдэхүй, соён гэгээрлийн цогцолбор болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-04-02 16:52:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын музейн стандартыг хангасан “Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Нийт 9 давхар бүхий, 20500 кв.м талбайтай уг музейг 2021 оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжүүлж буй энэхүү музейн бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд төр, нийгэм, урлаг соёлын нэрт зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэдийн төлөөлөл оролцов.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, “Өнөөдөр монгол түмний хувьд түүхэн өдөр тохиож байна. Засгийн газар 2019 онд Чингис хаан музейг байгуулах түүхэн шийдвэр гаргасан. Энэ нь судалгаа, сургалт, танин мэдэхүй, соён гэгээрлийн цогцолбор болох юм. Өвөг дээдсийн өвлүүлж ирсэн соёлын хосгүй үнэт дурсгалууд, дэлхий дахинаа түгэн тархсан монголчуудын түүхэнд холбогдох өв, уран бүтээлчдийн ур ухаан шингэсэн гайхамшигт бүтээлүүд дэлгэсэн түүх, соёлын оюуны их орд байх болно” хэмээн онцлов.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын төв сууринаа оршоох шүншигт Монгол төрийн тахилгат арван хайрхан болон тахилга шүтээнт уул, нуруунуудын хөрс шороон эрдсийн дээж, таван өнгийн торго, таван тансаг идээ, таван үр, үнэртэн, эмийн дээж, есөн эрдэнэс тэргүүтнийг Монгол орны 4 зүг, найман зовхис 21 аймаг, нийслэлээс бүрдүүлэн өргөсөн гэдгийг танилцуулав.

“Чингис хаан” музей нь Монголын анхны тулгар төр Хүннүгийн эзэнт улсын Модун шаньюйгаас эхлэн хүн төрөлхтний түүхэнд агуу их үйлийг бүтээсэн Их Монгол улсаас ХХ зууны шинэ Монгол Улс хүртэлх хаад, язгууртны бүрэн түүхийг багтаах юм. Музей нь сан хөмрөг Монгол нутгаас олдсон археологийн дурсгалууд, дэлхийн музейнүүдийн сан хөмрөгт хадгалж буй өв, үзмэр, эд өлгийн зүйлийн хуулбар, уран дархан, урчуудын уран бүтээлүүдээс бүрдэж, мөн Чингис хаан судлал, судалгааны үр дүнгээр тогтмол арвижин дэвжих учиртай.


Музейн бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэж байгаа баг монголчууд бидний өвөг дээдэс хүн төрөлхтний түүхэнд бүтээсэн гайхамшиг, их цадиг, түүхийн үнэнийг дэлхий дахинаа сурталчлан таниулах, олон улсын музейн хөгжлийн чиг хандлага, цаг үетэйгээ нийцсэн, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон тав тухтай өнгөрөөх орон зай бүхий орчин үеийн музейг байгуулахаар зорьж байгаагаа хэлж байна.



Холбоотой мэдээ