Токиогийн Олимпыг зохион байгуулагчид шинэ ажлын хэсэг байгуулжээ

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2020-03-27 10:09:30

ТОКИО. /NHK/. “Токио-2020” Олимпын наадмыг хойшлуулснаас үүдэн гарах асуудлуудыг зохицуулах ажлын хэсгийг Токиогийн Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах хороо байгуулжээ.


Олон улсын олимпын хороо коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбогдуулан Олимпын наадмыг 2021 оны зун хүртэл хойшлуулах шийдвэрийг энэ долоо хоногийн мягмар гарагт гаргасан юм. Шинэ ажлын хэсгийн 30 орчим гишүүн пүрэв гарагт уулзсан байна. 


Токиогийн Олимпыг зохион байгуулах хорооны тэргүүн Ёширо Мори тэдэнд хандан, та бүхэн урьд өмнө нь тулгарч байгаагүй сорилтыг даван туулах шаардлагатай боллоо хэмээн хэлжээ. Мөн тэрбээр, сүүлийн долоон жилийн турш гүйцэтгэсэн бэлтгэл ажлыг зургаан сар орчмын хугацаанд дахин боловсруулах амаргүй даалгавартай нүүр тулгарлаа гэж хэлээд, шийдвэрүүдийг хурдан гаргах шаардлагатай гэдгийг онцолжээ.


“Олимп, Паралимпын наадмын нээлтийн хуваарийг хурдан товлохгүйгээр олон үйл ажиллагааг гүйцэтгэх боломжгүй” гэж шинэ ажлын хэсгийн ахлагч Тоширо Мүто хэлсэн байна. Уулзалтад оролцогчид нэн тэргүүнд шинэ хуваарийг товлож, тэмцээнүүдийг зохион байгуулах газруудыг баталгаажуулах хэрэгтэй гэдэгтэй санал нэгджээ.


Уг ажлын хэсэг сайн дурын ажилтнуудаас өгсүүлээд, байр, тээвэр, аюулгүй байдал, тасалбар зэрэг олон асуудлыг зохицуулах юм. Мөн тэд тэмцээнүүдийг зохион байгуулахаар байгуулсан гэрээнүүд гэх мэт нэмэлт зардалтай холбоотой асуудлуудын талаар цаашид хэлэлцэх төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ