Хорватын нийслэлд газар хөдөлжээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2020-03-23 14:37:52

ЗАГРЕБ. /The Guardian/. Шинэ коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс зайнаас харилцах дүрмийг мөрдөж буй Хорватын нийслэл Загреб хотод хүчтэй газар хөдөлсний улмаас олон хүн гудамжинд гарахаас өөр аргагүйд хүрчээ.


Хорватын эрх баригчдын мэдээлснээр, газар хөдлөлтийн улмаас 17 хүн гэмтсэн бөгөөд тэдгээрийн дундаас 15 настай нэгэн хүүхдийн биеийн байдал хүнд байгаа ажээ. 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа хэд хэдэн чичирхийлэл мэдрэгдсэн байна.


Газар хөдлөлтийн голомт Загреб хотоос хойд зүгт зургаа гаруй киломертийн зайд, 10 орчим километрийн гүнд байсан бөгөөд уг байгалийн гамшигт үзэгдлийн улмаас олон барилга сүйдэж, эмнэлэгт байсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ.


“Загреб хотод сүүлийн 140 жил бүртгэгдээгүй хүчтэй газар хөдлөлт боллоо” гэж Ерөнхий сайд Андрей Пленкович хэлсэн байна.


Эрүүл мэндийн сайд Вили Берос газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлыг зохицуулахдаа хүртэл зайнаас харилцах арга хэмжээгээ баримтлахыг ард иргэддээ уриалжээ. Түүний хэлснээр, газар хөдлөлт аюултай боловч коронавирус түүнээс ч аюултай ажээ.


Хорватад сүүлийн мэдээллээр коронавирусний халдварын 235 тохиолдол бүртгэгдсэн байна.

Холбоотой мэдээ