М.Жаргалсайхан: Хүний амьдрах байрыг барина гэдэг асар их хариуцлага юм

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-03-18 20:28:45
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Монголын барилгын салбарт “мөрөө” үлдээж буй бүтээлч, хөдөлмөрч бас их спортыг дэмжигч “Эрин гүрэн” ХХК-ийн захирал М.Жаргалсайхантай ярилцлаа. Тэрээр Эрдэнэт хотод “Эрин” хорооллыг сүндэрлүүлэх зорилготой. Нутгийнхаа залуучуудыг дэмжиж хамтдаа хөгжиж, хамтдаа урагшилж, үлгэрлэн дуурайж яваа нэгэн юм. 


-Энэ ярилцлагаар  дамжуулан таныг бусдад таниулах нь миний зорилго. Харин та сайн ярилцагч байгаарай.

-За би ярихдаа тун тааруу. Ам хөдөлдөггүй гараа л  хөдөлгөдөг хүн дээ.  

- Ярилцлагаа хоёулаа таны төрсөн нутгаас чинь эхэлье ?

-Би Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн. Галуут суманд 10 дугаар ангиа төгсөөд ТИС-д барилгын инженерээр суралцаад 2000 онд төгссөн. Төгсөөд Эрдэнэтэд ирж Орос, Монголын хамтарсан “Строй инвест” компанид ажиллаж байгаад 2008 онд хувийн компаниа байгуулсан.

-Ямар нэртэй компани билээ?

-“Эрин гүрэн” ХХК. Оросуудтай ажиллаж байгаад хувийн компаниа байгуулж Эрдэнэт хотод бүтээн байгуулалт хийж эхэлсэн. Ер нь Эрдэнэтэд нэг бичигдээгүй соёл байдаг. Энэ нь оросуудаас эхтэй. Аливаа зүйлийг ажил хэрэгчээр гүйцэтгэж бас цагийг яс баримталдаг. Энэ соёл барилгын салбарт их чухал байдаг. Үүнийг баримталж ажиллахыг хичээж байна. Тухайн үед намайг компаниа байгуулахад Эрдэнэтийн барилгын салбар “өрсөлдөөнгүй” байсан. Харин 2010 оноос хойш барилгын олон компани бий болсон. Барилгыг чадварлаг инженер барихаас илүүтэй сэтгэлтэй хүн л босгодог. Хүний амьдрах байрыг барина гэдэг асар их хариуцлага. 

- Танай компани одоогоор хэдэн айлын орон сууц бариад байна?

- Ойролцоогоор 120 айлын орон сууц барьсан. 

-Бид Эрдэнэтийг залуучуудын хот гэж бусдад гайхуулах дуртай. Гэхдээ барилга, байгууламж нь ерөөсөө залуусын хот гэдгийг илэрхийлдэггүй. Өвөрмөц шийдэлтэй, ногоон хөгжилд суурилсан барилга баривал бас шинэлэг байх болов уу?

-Бидэнд өмнөө тавьсан том зорилго бий. Гэхдээ одоогоор бид батлагдсан зураг төсөв, хууль, эрх зүйн хувьд шийдэгдсэн газрыг худалдаж авч барилгаа барьдаг. Таны яриад байгаа өвөрмөц бөгөөд тогтвортой, ногоон хөгжлийг хангасан түүнд чиглэсэн барилга барихын тулд бид ядаж л эхлээд зургаа өөрсдөө зурах хэрэгтэй байдаг. Яг одоогоор тийм нөхцөл нь бүрдээгүй байна. Цаашид болох байх. Одоо барьчихаад байгаа 120 айлын орон сууцны хорооллын барилгын зураг төсөв, газрыг нь бид худалдан авч батлагдсан зургийн дагуу барилгаа барьсан. Манай компани барилга угсралт, гадаад, дотоод худалдаа эрхэлдэг. Орон сууцны барилга барихаас гадна, инженерийн шугам сүлжээ эсвэл Эрдэнэт үйлдвэрт гэрээгээр ажил гүйцэтгэдэг.  Сүүлийн үед орон нутгийнхаа бүтээн байгуулалтад нэлээн оролцож байна. Манайх үндсэн 14 ажилтантай. Дийлэнх нь инженер техникийн ажилтан. Томоохон барилга барихдаа гэрээт ажилтан авч ажиллуулдаг. 

-Барилгын салбарын хөгжил нийгмийнхээ толь нь болдог. Чанартай барилга тухайн нутаг, орны эдийн засгийн чадавхийг ч харуулдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Манай улс БНСУ-ын 60, 70 оны барилгын салбартай ижил байна. Зөвхөн карказыг нь хар л даа. 2007 оноос л барилгыг цутгамалаар барьж байгаа бол өмнө нь орос ах нарын заавраар угсармал барилга л барьдаг байлаа. Тэгэхээр бидэнд хөгжих, туршлагажих, мэдэх зүйл асар их байна. Эрдэнэт байгуулагдаад 43 жил болж байгаа ч цаашид үйлдвэрээ дагаад 60-70 жилийн тогтвортой хөгжих хугацаа байна. Иймээс барилгын салбарыг сайн хөгжүүлэх, дэмжих хэрэгтэй. Би хувьдаа 50,60 нас хүртлээ энэ салбарт ажиллана гэж боддог. 

-Танай компани тамирчдыг их дэмждэг гэсэн сонссон?

-Манайх компанийхаа нэр дээр жудо, үндэсний бөхийн тамирчдыг цалинжуулж ирээдүйд Олимпын аваргыг төрүүлэхээр бэлдэж байгаа. Би зав л гарвал олимп, дэлхийн аваргын тэмцээнийг үзэх сонирхолтой. Өнгөрсөн онд жудогийн Токиогийн дэлхийн аваргыг үзээд ирсэн. 2014 оноос хойш бөхчүүдийг дэмжин ажиллаж байна. Нутгийнхаа төлөө ингэж л ажиллаж бас хүчин зүтгэж байна.  Би өөрөө гар бөмбөг сонирхдог. Бас чөлөөт цагаараа гадаад, дотоодоор аялах дуртай.  

-Та мөрөөдлийнхөө, зорилгынхоо хэдэн хувийг биелүүлж явна?

-20-30 хувийг нь л биелүүлж байна. Би уг нь биеийн тамирын багш болъё гэж бодож байсан. Харин 10 жилээ төгсөөд барилгын инженерийн анги аваад л ажиллаж эхэлсэн. Одоо бодоод байхад, чанартай гүйцэтгэл хүнийг олон танилтай болгодог юм байна. Нэг сайн барилга намайг олон найз нөхөд, хамтрагчтай болгож байсан. Тэгэхээр залуучууд ажлыг хамгийн гол нь сэтгэлтэй бөгөөд чанартай гүйцэтгэж сурах хэрэгтэй юм шиг санагддаг. 

-Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ