Хүннүгийн хаад язгууртнууд эртний Ромын шилэн аяга хэрэглэдэг байсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khandmaa@montsame.gov.mn
2020-03-18 10:27:01

Улаанбаатар. /МОНЦАМЭ/. Монголын археологийн хосгүй үнэт олдворуудын нэгд зүй ёсоор тооцогдож буй, маш нимгэн, уран гоё хийцтэй энэхүү шилэн аяга нь Хүннүгийн язгууртны булшнаас олджээ. Ийм шилэн аягануудыг МЭ-ний I зуунд эртний Ромын язгууртнууд тансаг хэрэглээндээ ашигладаг байв.

Одоо дэлхийн томоохон музейнүүдэд иймэрхүү эртний Ромын шилэн аяганууд 30 орчим байна. Азид бол цорын ганц байгаа нь Монгол Улс болж байна. Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхимийн судлаач багш нар 2010 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг “Гол мод-2”-ын 1-р булшны 30-р дагуул булшнаас илрүүлсэн энэхүү олдвор МЭӨ I зуунаас, МЭ-ний I зууны үед эртний Хүннү улс, эртний Европын Ромын эзэнт улстай ямар нэг хэмжээгээр харилцаж байсны баримт болж буйгаараа түүхийн хосгүй үнэт эх сурвалжид тооцогдож байна.



Маш нимгэн, ганган хийцийн энэ аяга нь 1 мм зузаантай, 200  грамм шингэн зүйлийн багтаамжтай аж.


Монголын Эрдэнэсийн санд хадгалж буй, энэхүү олдворын талаар Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгч, профессор, археологич Д.Эрдэнэбаатараас тодрууллаа.

 

- Ер нь аль улсаас хамгийн олон олдсон байдаг юм. Яагаад "Ромын шилэн аяга" гэж нэрлэдэг юм бэ?

-Бидний малтлага судалгаагаар 3 төрлийн Ромын шилэн аяганы хагархай хэсгүүд олдсон. Үүний цорын ганц бүтэн байгаа нь энэ аяга юм. Эртний Ромд энэ төрлийн шилэн аягыг маш онцгой технологиор МЭ-ний 1-р зуунд үйлдвэрлэн Ромын язгууртнууд тансаг хэрэглээндээ хэрэглэж байсан учраас дэлхий даяараа “Ромын шилэн аяга” гэж нэрлэдэг.

Дэлхийн томоохон музейнүүд буюу ОХУ-ын Эрмитаж, ХБНГУ-ын Бонн хотын музей, АНУ-ын Нью-Йоркийн музей, Италийн Ромын үндэсний музей зэрэг газарт, миний мэдэхийн 30 гаруй байна. Монгол Улсад бол цор ганц, Азид ч гэсэн ганц байна. Интернэтээс “Roman glass” гээд бичээд орвол энэ тухай мэдэж болно.


-Ер нь Хүннүгийн язгууртан болон жирийн иргэд ямар аяга их хэрэглэдэг байсан нь археологийн судалгаагаар батлагддаг вэ?

-Эртний Хятадын Хан улсын үеийн чий будагтай хоёр чихтэй модон аяга, шавраар хийсэн аяга савны хагархай үлдэгдлүүд олддог. Ер нь бол, Хүннү нарын жирийн иргэдийн булшнаас шавраар, модоор хийсэн аяга хэрэглэж байсан баримт илэрч олддог. Хаад язгууртнуудад Хан улсын үеийн чий будагтай аяга, Ромын аяга хэрэглэж байсан нь бидэнд олдоод буй энэхүү шилэн аяга юм.


-Одоо уг олдвор Монгол Улсын эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа юу?

-Тиймээ. Энэ цорын ганц Ромын шилэн аяга маань Монгол банкны Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа.


- Уг олдворын түүхийн үнэ цэнийг хэрхэн тодорхойлж байгаа вэ?

-Мэдээж 1-рт, эртний Ромын эзэнт гүрэнтэй, Хүннү улс ямар нэг байдлаар харилцаж байсны баталгаа нь энэ эртний Ромын шилэн аяга яах аргагүй мөн. Миний түрүүний хэлсэнчлэн, бидний малтлага судалгаагаар 3 төрлийн Ромын шилэн аяганы хагархай хэсгүүд илэрч олдсон. Эдгээр хагархай хэсгүүдийг эвлүүлэх боломжгүй байсан бөгөөд цор ганц бүтэн аяга маань гурав дахь төрөл нь юм. Тэгэхээр Хүннүгийн хаад язгууртнууд Ромын хаад язгууртнуудтай бэлэг солилцсон юм уу, улс төр эдийн засгийн харилцаатай байсны баталгаа лавтай болно.

 

 

 

Холбоотой мэдээ