Мөнгөний зөөлөн бодлого

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2020-03-19 10:46:32

Монголбанкны Мөнгөний бодлогын  хороо (МБХ)-ны 2020 оны нэг дүгээр улирлын хурал өнгөрсөн лхагва гариг (3 дугаар сарын 11)-т болсон билээ. Хурлаар мөнгөний бодлогын хүүг нэг пунктээр буулган 10 хувь болголоо. Төв банкны бодлогын хүү гэдэг нь арилжааны банкнуудын мөнгийг Монголбанк хадгалаад, түүнд нь төлдөг төлбөр гэж ойлгож болно. Бодлогын хүү сүүлийн таван жилд хамгийн бага түвшинд очиж байгаа нь энэ. Монголбанкны Захирлуудын зөвлөл 2016 оны  8 дугаар сарын 18-нд хуралдан бодлогын хүүг 4,5 пунктээр өсгөн 15 хувьд хүргэсэн нь өнгөрсөн таван жилийн хамгийн өндөр хувь хэмжээ байв.Түүнээс хойш эдийн засаг дахь мөнгөний урсгалыг бодлогын хүүг буулгах замаар удирдан өнөөдрийн  бага түвшинд хүргэлээ. Бодлогын хүүг буулгах нь  эдийн засагт ямар нэг өөрчлөлт гарах  (халалт үүсэх)-аас урьдчилан сэргийлдэг сайн талтай.   


Төв банкнаас хэрэгжүүлж эхэлсэн бодлогын дараагийн арга хэмжээ нь арилжааны банкнуудын заавал байлгах нөөцийг 10,5 хувь байсныг хоёр пунктээр буулгасан явдал. Арилжааны банкны заавал байх нөөцийг 8,5 хувь болгоно гэдэг нь тухайн арилжааны банкны заавал байлгах нөөц ( бэлэн мөнгө) нь 1,5 их наяд төгрөг байна гэж үзвэл тэр мөнгөнөөс 300 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгж, иргэнд зээл болгон олгох  нөхцөл бүрдэнэ.


Хүүний  коридорын дээд хязгаарыг бодлогын хүү +2 нэгж хувь (санхүүжилтийн хүү), харин доод хязгаарыг бодлогын хүү -2 нэгж хувь (хадгаламжийн хүү) болгожээ. Ийм болгосноор  банк хоорондын зах илүү үр ашигтай ажиллах, төв банкны үнэт цаасны хэмжээ буурах суурь нөхцөл бүрддэг аж. Ийм учраас Монголбанк хүүний коридорыг бодлогын хүүнээс +/- 2 болгон өргөтгөжээ.


Мөнгөний бодлогын хэрэгслүүдийг ингэж боловсронгуй болгосноор богино хугацаат хүүг илүү үр дүнтэй удирдан хэлбэлзлийг нь бууруулна. Мөн хүүний сувгийн нөлөөллийг сайжруулах, хэрэгжилтийг ил тод байлгах олон талын ач холбогдолтой гэж Монголбанк үзэж байна.


Эдгээр нь улсын эдийн засагт  ирээдүйд нөлөөлж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, мөнгөний бодлогыг зөөлрүүлэхэд чиглэсэн аж. Гэхдээ бодлогын хүү, арилжааны банкны заавал байлгах нөөц, хүүний коридорт орсон дээрх өөрчлөлтүүд эдийн засагт өөр өөрийн үүрэг  гүйцэтгэнэ.


Бодлогын хүү гэхэд арилжааны банкнуудын зээлийн шийдвэрээс гадна зах зээл дээрх хөрөнгийн үнэ, валютын ханш болон олон янзын сувгаар эдийн засагт сайнаар нөлөөлнө. Мөн хүүний коидор нь банк хоорондын захын хүүний хэлбэлзэх мужийг тодорхойлох жишээтэй. Харин арилжааны банкны заавал байх нөөц буурснаар зээлийн эх үүсвэр нэмэгдэнэ.


Гэхдээ төв банкнаас мөнгөний бодлогыг зөөлрүүлэх дээрх арга хэмжээг нэг дор авч хэрэгжүүлснээр арилжааны банкны зээлийн хүү өсөхгүй байх боломж бүрдэнэ.  Ийм нөхцөл бүрдсэнээр эдийн засагт орох мөнгөний урсгал тэлнэ.


Төв банкны эхлүүлсэн зээлийн хүү өсгөхгүй байх болон  зээлийн эх үүсвэр нэмсэн арга хэмжээ нь эдийн засаг хэт хумигдахаас урьдчилан сэргийлэхийн тулд хэрэгжүүлж байгаа мөнгөний зөөлөн бодлого. Эдгээрээс төв банкны бодлогын хүүг багасгаж өөрчилснийг онцолбол эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж ойлгож болох юм. Гэхдээ  ийм төрөл (бодлогын хүү буруулах)-ийн арга хэмжээ авахад цаг хугацааны хоцрогдол гарч болзошгүй. Эдийн засагт сайнаар нөлөөлж байвал бага зэрэг хугацаа алдах нь асуудал биш юм.


Тэгвэл мөнгөний зөөлөн бодлого явуулж эхлэх  (2020-3-11)-ээс өмнө авсан арга хэмжээ аж ахуйн нэгж, иргэдийн зээлд хэрхэн нөлөөлөх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тэгвэл коронавирусний халдвар гарч хорио тогтоосноос хойш өнөөдрийг хүртэл зээлийн төлөлтийг хойшлуулах, хугацаа хоцор (зээл төлөх)-сон нөхцөлд алданги тооцохгүй байх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг дурьдах хэрэгтэй. 

Холбоотой мэдээ