Тосонцэнгэл сумын нутагт Баданга хүдэр сэлгэн нутагшуулна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-03-16 21:25:52

Завхан /МОНЦАМЭ/.Завхан аймагт хэрэгжиж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслөөс Тосонцэнгэл суманд “Баданга хүдэр”-ийг сэргээн нутагшуулна.

Дээрх төслийн санхүүжилтээр байгалийн унаган төрхөө харьцангуй сайн хадгалж үлдсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Pашаант багийн нутаг “Дээд хавчиг”-ийн аманд баданга хүдэр сэргээн нутагшуулах нь оновчтой гэж судлаачид үзжээ. Баданга хүдэр сэргээн нутагшуулах боломжит газруудыг сумдын байгаль хамгаалагч, улсын байцаагч нар болон орон нутгийн удирдлага, малчидтай зөвшилцөн сонгосон байна.

Бөхөн шарын нурууны “Урт шивэртэйн ам”, “Тусгал цохио”, “Шар шувуу”, “Цагаан шовх”, “Их, бага эрээн”, “Уу”, “Шар чирэнгэ”, “Жарантай” зэрэг газрууд хүдрийн голлох нутаг байсан. Одоо сэргээн нутагшуулахаар сонгосон газар нь  Хүнүй голын цутгал жижиг голуудын усан хагалбар болох Чингэлт, Бөхөн шарын нуруу, тэдгээрээс салбарласан дундаж өндөр уулсыг хамран тогтсон газар юм.

Баданга хүдрийн тоо толгой нь цөөрч, ховордсон нь  хууль бус агнуур, ойн түймэр гол нөлөө үзүүлсэн бөгөөд ойрын гурваас таван жилдээ хүдэртэй биеэр болон ул мөртэй нь тааралдаагүй гэж нутгийн иргэд, байгаль хамгаалагчид ярьж байна.

Баданга хүдрийг сэлгэн нутагшуулснаар тус бүс нутгийн экосистемийн үйлчилгээг дэмжих, биологийн олон янз байдлыг хамгаалахад маш чухал ач холбогдолтой. 

Баданга хүдэр нь Монгол Улсын Амьтны тухай хууль, Зэрлэг амьтан ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES)-ийн II хавсралтад, Олон улсын Байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны хөхтөн амьтдын ховордлын зэргийг үнэлэх шалгуураар Олон улсын хэмжээнд “Эмзэг” гэсэн ангилалд хамрагдсан байдаг. Монгол Улсын "Улаан ном"-д орсон амьтан юм.

Мөн Монгол орны хөхтөн амьтдын Улаан дансанд “Устаж болзошгүй” ангилалд бүртгэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хууль болон Олон улсын хэмжээнд түүний тоо толгой, хамгааллын асуудалд онцгой анхаарал хандуулж түүнийг хамгаалах, өсгөн үржүүлэх зүй зохистой менежментийг төлөвлөх шаардлагатай байгаа юм. Зүй зохистой менежмент гэдэг нь тухайн зүйл амьтан уг газарт оршин байх нь экосистем, биологийн олон янз байдлын хамгааллын хувьд ач холбогдолтойгоос гадна цаашлаад орон нутгийн иргэдийн байгаль хамгааллын талаарх мэдлэг нэмэгдэх ач холбогдолтой юм.

Баданга хүдрийг хамгаалахад хамгийн түрүүн нутгийн уугуул иргэд оролцоно

“Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл нь нэн ховор, ховор тодорхой амьтан ургамлын зүйлүүдийн хамгааллыг нутгийн иргэдийн оролцоотойгоор бий болгохоор ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд тухайн нутагт байгаа амьтан, ургамлуудын зүйлүүдийг танин мэдэх, тэдгээрийн үнэ цэн, хамгааллын ач холбогдлыг нутгийн иргэдэд ойлгуулан тэдэнд түшиглэсэн хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлыг хийж байна. Аливаа ан амьтны тоо толгойг тогтвортой байлгах, хамгаалах үр дүнтэй арга нь орон нутгийн нөхөрлөл, малчдын бүлгүүдийн дэмжлэгтэйгээр хийгддэг. Амьжиргааны гол үүсвэр болох мал аж ахуйгаас болон байгалийн баялгаас ашиг шим хүртэхийн тулд хүрээлэн байгаа байгаль орчин, биологийн олон янз байдлын хамгаалалд малчид өөрсдөө голлон оролцох ёстой. Үүнийгээ ч ойлгож маш идэвхтэй оролцож байна.

Баданга хүдэр, түүний амьдрах орчныг хамгаалах ажлыг мөн л тухайн газар нутгийн малчид, нөхөрлөлийн гишүүдийн оролцоотой хийнэ. Түүнээс гадна тухайн нутаг дэвсгэрт ажиглалт явуулах зорилгоор автомат камер суурилуулан хянана.  Ингэснээр хууль бусаар ашиг хонжоо хайгч хүмүүсээс баданга хүдрийг бүрэн хамгаалж чадах юм хэмээн “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн Завхан аймаг дахь зохицуулагч А.Хүрэл-Эрдэнэ мэдээлэв.

 

Холбоотой мэдээ