Гренланд, Антарктидын мөс хурдацтайгаар хайлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2020-03-12 15:36:07

ЛОНДОН. /BBC/. Дэлхийн хамгийн том мөсөн давхаргууд болох Гренланд, Антарктидын мөс сүүлийн жилүүдэд дулаан уур амьсгалын улмаас 1990-ээд оны үеийнхээс зургаа дахин хурдан хайлж буйг тогтоожээ.


Хиймэл дагуулуудын цуглуулсан хоёр туйлын мэдээлэлд нарийвчилсан дүгнэлт хийх нь хайлалтын явцыг үнэлэхэд ихээхэн ач холбогдолтой гэж судлаачид мэдээлсэн байна. 1992-2017 онд Гренланд, Антарктидын 6.4 их наяд тонн мөс хайлсан нь далайн түвшнийг 17.8 миллиметрээр нэмэгдэхэд нөлөөлөхүйц хэмжээ юм.


"Өнөөдөр далайн түвшний өсөлтийн гуравны нэг нь мөсөн давхаргуудтай холбоотой байгаа бол 1990-ээд оны үед уг үзүүлэлт 5 орчим хувь байсан. Энэ нь далайн эргийн орчимд ихээхэн нөлөө үзүүлнэ” гэж Их Британийн “Leeds” их сургуулийн профессор Андрей Шепард мэдээлжээ.


Судлаачдын баг ажиглалтын хиймэл дагуулуудын сүүлийн 30 орчим жилийн хугацаанд цуглуулсан мэдээллүүдэд үндэслэн дээрх дүгнэлтэд хүрчээ. Тэдгээр хиймэл дагуул нь мөсөн давхаргуудын хэмжээ, урсгал, таталцал зэргийг ажигласан байна. 

Холбоотой мэдээ