Оросын байлдааны онгоцууд Сирийн хээрийн эмнэлэг рүү дайрав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-04-28 11:14:31

АЛЕППО. /Anadolu/. Лхагва гарагт Сирийн Алеппо хотын ал-Соккари дүүрэг дэх хээрийн эмнэлэг рүү Оросын байлдааны онгоцууд довтолсноор наад зах нь 30 хүн амиа алдаж, 62 гаруй хүн гэмтэж шархадлаа гэж тус улсын Иргэний хамгаалалтын албаны ажилтан мэдэгджээ.

Алеппо хотын Иргэний хамгаалалтын албаны ажилтан Ибрахим Хажж Ибрахим "Anadolu" агентлагт ярихдаа "байлдааны онгоцууд "Кадс" эмнэлэг рүү довтолсноос эмнэлгийн ажилтнууд болон эмэгтэйчүүд хүүхдүүд олноорооо амиа алдан, гэмтэж шархадлаа. Цаашдаа амиа алдсан хүмүүсийн тоо өсөх хандлагатай байгаад сэтгэл зовинож байна" гэжээ.

Түүнээс гадна дайралтад өртсөн эмнэлэгт нэвтрэн орсон аврах багийнхан дараагийн агаарын цохилтод өртсөн байна.

Башар аль-Ассадын дэглэм зэвсэглэсэн сөрөг хүчний эсрэг хийх тэмцэлдээ албан ёсоор тусламж хүссэний дараа Орос улс өнгөрсөн жилийн есдүгээр сард Сирид цэргийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ.

Дайнд нэрвэгдсэн улс руу илгээсэн цэргийн тоог хэсэгчлэн бууруулах болно гэж ОХУ гуравдугаар сард мэдэгдэж байв.

2011 онд эхэлсэн мөргөлдөөнөөс хойш Сирид 361 мянга гаруй хүн амь үрэгдсэн байна.

Х.Сарнай

 

 


 

Холбоотой мэдээ