Агаарын дүүжин зам барихтай холбоотой газар чөлөөлөх ажил удахгүй эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-03-02 11:41:32
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Нийслэлийн нийтийн тээвэрт агаарын дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийн судалгаа, бэлтгэл хариуцсан ажлын багийн хурал боллоо. Энэ хүрээнд газар чөлөөлөх ажил удахгүй эхэлнэ гэдгийг албаныхан мэдээлэв.


"Төслийн зээлийн хэлэлцээрийг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Хуралдаанаар дэмжигдэхээр Сангийн сайд болон БНФУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд нар Зээлийн хэлэлцээрийг үзэглэнэ, үүний дараа төлөвлөгөө ёсоор инженерингийн ажлыг Пома групп эхлүүлнэ. Төслийн бэлтгэл ажлыг хангаж газар чөлөөлөлтийн ажлуудыг удахгүй эхлүүлнэ" хэмээн Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх тэмдэглэв. 


Тэрбээр газрын гэрчилгээ баталгаажуулалт хийгдэх зэрэг ажлуудын нарийвчилсан хугацааг тодорхой болгох, Пома группийн инженер, техникийн ажилтнууд хэзээ ирэх, хэзээнээс нарийвчилсан судалгааны ажлыг хийх талаар мэдээллийг тухай бүрт нь өгч байхыг албаныханд даалгалаа. 


Агаарын дүүжин тээврийн бэлтгэл ажлын трассын дагуу геологийн судалгаа хийгдэх бөгөөд 200 метр тутамд өрөмдлөг хийж хөрсний судалгаа хийх аж.

Холбоотой мэдээ