Дэгү хотын сүмийн гишүүдээс коронавирусний шинжилгээ авч эхэлжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-02-27 18:28:47

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын зүүн өмнөд нутгийн Дэгү хотын сүмийн 210 мянга гаруй гишүүнээс коронавирусний шинжилгээ авч эхэлсэнтэй холбоотойгоор тус улсад коронавирусээр халдварласан хүний тоо пүрэв гарагт нийт 505-аар нэмэгдэж, Хятад улсад лхагва гарагт бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоог давжээ.


БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, пүрэв гарагийн оройны байдлаар нийт халдвар авсан хүний тоо 1776 хүрчээ. Мөн Сөүл хотоос зүүн урагш 300 километр зайд оршдог Дэгү хотын сүмийн цуглаанд оролцсон 75 настай эрэгтэй пүрэв гарагийн өглөө нас барснаар БНСУ-д коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 13 болсон байна.


БНСУ-д халдвар авсан хүмүүсийн 46 орчим хувь нь Дэгү хотын сүмтэй холбоотой хүмүүс бол гадаадын оронд зорчсон болон тэдэнтэй ойр байсан хүмүүс 2.1 хувийг эзэлж байна. Өнөөдөр бүртгэгдсэн 505 тохиолдлын 422 нь Дэгү хотод, 4 нь Умард Гёнсан мужид илэрчээ. Ингэснээр Дэгүд 1132, Умард Гёнсанд 345 тохиолдол тус тус бүртгэгджээ.


Дэгү хотын сүмийн гишүүдээс шинжилгээ авч эхэлсэн тул ойрын өдрүүдэд коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо эрс нэмэгдэх төлөвтэй байна гэж мэргэжилтнүүд мэдээлжээ. Үүнээс гадна БНСУ-ын Төв банк “COVID-19” коронавирусний халдварын тархалтын улмаас тодорхойгүй нөхцөл байдал нэмэгдэж буйтай холбоотойгоор эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа 2.3 хувиас 2.1 хувь болгон бууруулсан байна.


БНСУ-д коронавирусний халдвар авсан байх магадлалтай 25568 хүнийг хөл хорионд оруулсан бөгөөд энэ сарын 3-наас хойш 64886 хүнээс коронавирусний шинжилгээ авснаас 39318 шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Мөн халдвар авсан 26 хүн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарчээ. 

Холбоотой мэдээ