“Хавдрын эсрэг үндэсний аян” Дархан-Уул аймгаас эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-26 21:21:41

“Хаан банк сан”,  Хавдар Судлалын Үндэсний төв, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизээс зургаа дахь жилдээ хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян” Дархан-Уул аймгаас эхлэв.

Аяны нээлтэд ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Р.Эрдэнэбаяр, НХХ-ийн дарга Д.Тунгалаг-Тамир, аймгийн Эрүүл Мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, Нэгдсэн Эмнэлгийн дарга Б.Эрдэнэтулга, Хаан банкны Гүйцэтгэх захирал Жон Белл, ХСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Төмөрбаатар, МҮОНРТ-ийн дэд захирал Д.Энхтуяа нар оролцлоо. Монгол улсад хавдрын өвчлөл гадны улс орнуудтай харьцуулахад өндөр, хөдөө орон нутгийн иргэд эрүүл мэндийн боловсрол дутмаг, хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд тогтмол хамрагддаггүйгээс хавдрын хожуу буюу төгс эмчлэгдэх боломжгүй үе шатандаа оношлогдох тохиолдол их байдаг. Иймд Хаан банк, ХСҮТ, МҮОНРТ хамтарч хавдрын өвчлөл өндөртэй алслагдсан аймаг сумдын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулж эрсдэлт бүлгийн хүн амд үзлэг оношилгоо хийж хавдар өвчнийг эрт илрүүлэх зорилгоор “Хавдрын эсрэг үндэсний аян”-г таван жилийн хугацаанд зохион байгуулж ирсэн гэдгийг аяны нээлтийн үеэр ХСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Төмөрбаатар онцлон тэмдэглэв. Улсын хэмжээнд хорт хавдрын нас баралт өндөр байгаа нь уг өвчлөлийн шинэ тохиолдлын 75 хувь нь хожуу буюу төгс эмчлэгдэх боломжгүй үе шатандаа оношлогдож байгаатай холбоотой. Иймд хорт хавдрын өвчлөлийг эрт илрүүлэх зорилготой уг аяны хүрээнд ХСҮТ-ийн мэс засал, Толгой хүзүүний мэс засал, Эмэгтэйчүүдийн мэс засал, хэт авиан оношлогоо, хөнгөвчлөх, дурангийн эмч нар тус аймагт таван хоног ажиллахаар хүрэлцэн иржээ. Тэд сонгогдсон эрсдэлт бүлгийн хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна.  Үзлэгийг аймгийн Нэгдсэн Эмнэлэг болон Эрүүл Мэндийн хоёрдугаар төвийн байранд тус тус хийхээр зохион байгуулахаар болжээ.

Мөн ХСҮТ-өөс эмч, эмнэлгийн дунд мэргэжилтэн, эрүүл мэндийн сайн дурын идэвхтэнд зориулсан сургалтуудыг зохион байгуулна. Тус аяны эмч мэргэжилтнүүдийн баг Дархан-Уул аймгаас гадна Сэлэнгэ, Архангай, Завхан, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь, Ховд аймгуудад ажиллах юм байна.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ