Энэтхэг-Монголын цэргийн хамтарсан сургуулилалт эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
sarnai@montsame.mn
2016-04-26 17:24:47

ШИНЭ ДЕЛИ. /BS/. Хоёр улсын цэргийн салбарын харилцааг бэхжүүлэх зорилго бүхий 11 дэх удаагийн Энэтхэг-Монголын хамтарсан “Нүүдэлчин заан” цэргийн сургуулилалт өнөөдөр Монгол Улсад эхэллээ.

Тавдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжлэх уг сургуулилалт нь НҮБ-ын мандатын дор босогчидтой болон терроризмтэй тэмцэхэд хоёр улсын цэргийн хүчний хооронд харилцан ажиллагааг хөгжүүлэхэд чиглэнэ гэж Энэтхэгийн армийн мэдэгдэлд дурджээ.

Уг ажиллагаанд Энэтхэгийн зэвсэгт хүчний “Кумаон” Цэргийн хорооны ангийн албан хаагчид ба хоёр хүний бүрэлдэхүүнтэй ажиглагчдын баг оролцоно. Монголын зэвсэгт хүчнээс нийт 60 албан хаагч уг сургуулилтад оролцох ажээ.

Босогчид болон террористуудтай тэмцэх тусгай ажиллагааны 48 цагийн хээрийн сургуулилалт хийснээр сургуулилалт өндөрлөнө. 

Энэтхэгийн цэргийн бие бүрэлдэхүүн дараах ажиллагаанд оролцож өөрсдийн туршлагаа хуваалцах юм. Үүнд: танхимд болох лекц, хүн барьцаалагдсан тохиолдолд барилгад нэвтрэн орох техник, зам нээх, хөдөлгөөнт шалган нэвтрүүлэх цэгүүдийг байгуулах, тагнуулын мэдээлэл цуглуулах болон дэлбэрэх төхөөрөмжийг аюулгүй болгох дасгал сургуулилалтыг хийж гүйцэтгэнэ. 

Үүний зэрэгцээ, сургуулилалтад оролцогчид гардан тулаан, олсоор буух мэргэжлийн арга техник, туршлагаасаа хуваалцаж, спортын хэд хэдэн арга хэмжээнд 2 долоо хоногийн хугацаанд оролцох юм.

Х.Сарнай






 

Холбоотой мэдээ