БНХАУ, АСЕАН коронавирустэй тэмцэх чиглэлд хамтран ажиллана

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-02-21 09:34:14

ВЬЕНТЬЯН. /Xinhua/. БНХАУ болон Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ 10 гишүүн орны Гадаад хэргийн сайд нар шинэ төрлийн коронавирусний /COVID-19/ халдварын тархалтын талаар хэлэлцэхээр Лаос улсын нийслэл Вьентьян хотноо пүрэв гарагт уулзжээ. 


БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И, Филиппиний Гадаад хэргийн сайд Теодоро Локсин нарын хамтран даргалсан уулзалтын эхэнд Хятадын ард түмэн “COVID-19” вирусний тархалтын эсрэг хэрхэн тэмцэж буйг харуулсан дүрс бичлэгийг үзүүлсэн байна.


“БНХАУ халдварын тархалттай тэмцэх чиглэлд томоохон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, онцгой үр дүнд хүрлээ. БНХАУ-ын дарга Си Жиньпиний удирдлага дор 1.4 тэрбум хүн вирустэй тэмцэх чиглэлд нэгдлээ. Манай улс өргөн хүрээг хамарсан, чанга хатуу урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр халдварыг тархалтыг үр дүнтэйгээр зогсоож чадлаа” гэж Ван И уулзалтын үеэр хэлжээ.


АСЕАН-ы гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар БНХАУ-ын хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг сайшаагаад, бүс нутгийн төдийгүй дэлхий дахины эрүүл мэндийг хамгаалахад тус улс ихээхэн хувь нэмэр оруулсныг онцолжээ. Мөн АСЕАН-ы гишүүн орнууд цаашид БНХАУ-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чиглэлд илүү их хүчин чармайлт гаргахаар тохиролцсон байна. 

Холбоотой мэдээ