“Оны онцлох хүн”-ээр тодорсон Ц.Баттогтохын шагналыг гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-02-27 13:09:49

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Билгийн тооллын ХVII жарны Шороон гахай жилийн “Оны онцлох хүн”-ээр Мандах их сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн захирал Ц.Баттогтох тодорсон. Залуучууд театртын их танхимд шилдгүүдийн шагналыг нэгдсэн байдлаар гардуулдаг байсан бол энэ удаад олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосонтой холбогдуулан тус шагналыг аймгийн ЗДТГ-ын хүндэтгэлийн өргөөнд гардуулав.  

Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат нар гардуулан баяр хүргэж ажлын амжилт хүслээ.

Оны онцлох хүнээр тодорсон Ц.Баттогтох нь Мэдээлэл зүйн багш нарын улсын олимпиадын 4 удаагийн аварга, 4 мөнгөн медаль, 3 хүрэл медальтай аж. Мэдээлэл зүйн алгоритмын хичээлийн заах арга зүйг боловсронгуй болгон системчилж, заах арга зүйгээ Улаанбаатар, Орхон, Дархан-Уул аймгийн нийт 500 гаруй багш, сурагч, оюутнуудад зааж түгээн дэлгэрүүлсэн, Мэдээлэл зүйн алгоритмын 1000 бодлоготой вэб сайтыг 10 дахь жилдээ амжилттай ажиллуулж 21 аймгийн багш, сурагчдын хүртээл болгожээ.

Мөн өгүүлбэртэй бодлого бодох “Дугуйн арга”, “Хүснэгтийн арга” гэсэн хоёр шинэ аргачлалыг боловсруулж Дархан-Уул аймаг төдийгүй Улаанбаатар хот, Хэнтий, Сэлэнгэ, Дорнод, Булган аймгийн 20 гаруй сургуулийн багш, 3000 гаруй сурагчдад сургалтаа амжилттай зохион байгуулсан байна.

Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын санаачилгаар Боловсрол, Соёл урлагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран Дархан-Уул аймгийн 6 дугаар ангийн сурагч, бага ангийн багш нар гэсэн хоёр ангиллаар Арифметикийн анхдугаар уралдааныг Дугуйн арга сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулсан. Энэхүү уралдаанд нийтдээ 18 сургуулийн 1500 гаруй сурагч, 300 гаруй багш амжилттай оролцсон байна.

Ташрамд Ц.Баттогтох нь орон нутгийн анхны чөлөөт телевиз болох "Аа Жи Би" /RGB/ телевизийг үүсгэн байгуулагчдын нэг юм.

Холбоотой мэдээ