У.Мөнхсансар: Хууль бус олборлолтыг таслан зогсоох ажлын хэсэг байгуулсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-02-13 15:46:53

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Гүн гэх газар иргэд олноо цугларч улаан чулуу  хууль бусаар олборлож байгаа тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан.

Тухайн сумын нутагт Шивээ хүрэнгийн боомт үйл ажиллагаа явуулдаг тул коронавирусний халдварын тархалт дэлхийг цочроож байгаа үед эрсдэл дагуулж магадгүй гэж үзэж байгаа юм.

Тиймээс газар дээр нь нөхцөл байдал ямар байгаа талаар Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа У.Мөнхсансараас тодрууллаа.

- Гурвантэс суманд иргэд цугларч улаан чулуу олборлож байгаа гэх мэдээлэл байна. Энэ тухай мэдээ танайд хэзээ ирэв, одоо нөхцөл байдал ямар байгаа вэ?

- Гурвантэс сумаас урагшаагаа 17км-т байрлах Гүн гэх газарт "Баатар ван" ХХК өмнө нь ашиглалтын лицензтэй байсан юм. 2019 оны наймдугаар сард тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан. Энэхүү газар Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймгийн иргэд олноор цуглаад байгалийн улаан чулууг олборлож байна гэх мэдээлэл манайд энэ сарын 9-нд Гурвантэс сумын Цагдаагийн тасгаас ирсэн.

Өмнө нь цөөн тооны хүмүүс чулуу олборлохоор оролдож байхад тус тасгийн албан хаагчид, тухайн компанийн хамгаалалтын алба хаагч нар нийлээд үйл ажиллагааг нь таслан зогсоож байсан юм билээ.

Энэ сарын 9-нөөс гурван аймгийн иргэд олноороо ирж  хууль бусаар ашигт малтмал ухаж нөхцөл байдал байдал хүндэрч, орой шөнийн цагаар цуглараад байгаа учраас энэ асуудлыг шийдвэрлэхээр аймгийн төвөөс 12 албан хаагч очсон.

Одоо тэнд нийтдээ цагдаагийн 18 албан хаагч, олон нийтийн таван цагдаа, Мэргэжлийн хяналтын долоон улсын байцаагч, байгаль орчны гурван байцаагч ажиллаж байна.

Мөн орон нутгийн Онцгой комиссын гишүүд хамтарч байгаа. Одоогийн байдлаар 1200 хүн цугласан гэсэн мэдээтэй байна. Аймгийн төвөөс албан хаагч нар очсоноос хойш тухайн газраа иргэд бөөнөөрөө ороогүй. Гэхдээ түр тараад сумын төв болон хөдөө байна гэсэн мэдээ байгаа. Ийм учраас энэ үйл ажиллагааг бүрэн таслан зогсоох зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. 

- Аймгаас албаны хүмүүс очиход нөхцөл байдал ямар байсан юм бол?

- Иргэд өдөржин шөнөжин ухаад байгаа юм биш. Заримдаа  бөөгнөрч цуглаад тухайн аж ахуй нэгжийн өмнө нь ухаж байсан талбай болон овоолго шороо зэргийг ухаж нэг иргэн өдөртөө 2-3 кг чулуу түүдэг юм байна. Шаардлага тавиад  яв гэхээр нь явдаг, цагдаагийн болон төрийн албан хаагчдын өмнөөс эсэргүүцээд байсан юм байхгүй.

Хариун тухайн компанийн эд хөрөнгө нь байгаа учраас хамгаалагч нар байгаа юм билээ. Харин тэдний тавьсан шаардлагыг иргэд эсэргүүцээд  байгаа. 

- Тухайн компани нь иргэдтэй гэрээ хийж байж талбай руу оруулсан гэх мэдээлэл байна. Энэ талаар?

-Манайх гэрээг үзээгүй. Иргэдийг хорьж дийлэхгүй болохоороо хууль бусаар хийсэн юм болов уу. Аж ахуйн нэгж дээр тусгай зөвшөөрөл байхгүй, иргэд ийм олборлолт хийхийг зөвшөөрсөн газар олголт байхгүй учраас энэ нь аль аль талдаа хууль бус. 

- Одоо нэмэгдэл хүч очих уу? 

-Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон хүн нэг дор цугларч үйл ажиллагаа явуулах хориотой байгаа.

Нэгдүгээрт бид үүнтэй холбоотой гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хоёрдугаарт аймгийн Засаг даргын захирамж болон хууль тогтоомжуудын хэрэгжилтийг биелүүлэхээр ажиллаж байгаа.

Энэ олон цугларсан хүмүүсийг тараахын тулд аймгаас дахин нэмэлт хүч явуулж байна. Бусад аймгаас ирсэн хүмүүст хууль танилцуулан гэртээ харь гэдгийг хэлж байгаа. Мөн энэ талаарх хууль сурталчлах ажлыг цахим хуудсуудаар хүргэж байна. 

- Энэ чулууг олборлосон иргэдэд ямар хариуцлага хүлээлгэх хуулийн заалт байдаг юм бэ?

- Тухайн чулууг геологийн төв лабораторид шинжлүүлснээр төмөрлөг, цахиурлаг улаан хас чулуу нь хэмжээ нь том байх тусмаа байгалийн төрцөд ордог гэсэн байдаг юм.

"Баатар ван" ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байх үедээ олборлоод БНХАУ руу гаргаж байсан. Одоо  олборлодоггүй. Ер нь хууль бусаар газрын хэвлий ухсан байвал эрүүгийн хариуцлага хүлээдэг.

Мөн Зөрчлийн тухай хуулиар худалдаж авсан болон хадгалсан, тээвэрлэсэн, олборлосон бол ашиглаж байгаа багаж, техник тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгодог. 

- Одоо тухайн талбай дээр хууль сахиулахаар ажиллаж байгаа хүмүүсийн нөхцөл байдал ямар байгаа бол?

- Гурвантэс сумаас хоёр гэр гаргаж өгсөн. Тухайн талбайн хоёр цэгт нь гэрээ бариад ажиллаж байгаа. Мөн "Баатар ван" ХХК-ийн харуул хамгаалалтын гэрээтэй ажиллаж байгаа 16 албан хаагч мөн тэнд бий.

Холбоотой мэдээ