Хятадад коронавирусний халдварын 2656 шинэ тохиолдол бүртгэгджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-02-09 09:30:09

БЭЭЖИН. /Xinhua/. Хятад улсын мужийн түвшний засаг захиргааны 31 бүс нутагт бямба гарагт шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны 2656 шинэ тохиолдол бүртгэгдэж, уг өвчний улмаас 89 хүн нас баржээ.


Үндэсний эрүүл мэндийн комиссын өдөр тутмын тайлан мэдээнд дурдсанаар, бямба гарагийн оройны байдлаар коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо 37198 хүрч, нийт 811 хүн нас барсан байна. Мөн коронавирусний халдвар авсан байх магадлалтай тохиолдлын тоо 28942 хүрч, биеийн байдал хүнд хүний тоо 6188 хүрчээ.


Үүнээс гадна эмнэлгээс гарсан хүний нийт тоо 2649 хүрсэн байна. Бямба гарагт нас барсан хүмүүсийн 81 нь Хубэй мужид бүртгэгджээ. Мөн тухайн өдөрт 87 хүний биеийн байдал хүндэрсэн бол 600 хүн эдгэрэн эмнэлгээс гарсан байна.


Мөн вирусний халдвартай өвчтөнүүдтэй ойр байсан 371905 хүн тогтоогдсоноос 31124 хүнийг гэр лүү нь буцаасан бол 188183 хүн эмнэлгийн хяналтад байгаа аж. 


Шинэ төрлийн коронавирусний улмаас нас барсан хүний тоо 811 хүрснээр 2002-2003 онд дэгдсэн амьсгалын замын цочмог халтай хам шинжийн /SARS/ улмаас нас барсан хүний тоог давжээ. Тухайн үед уг халдварын улмаас дэлхий даяар 774 хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ