"King Tug" Н.Төгсцогтыг чухал тулаан хүлээж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-02-06 15:19:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат тамирчин, олимпын болон ДАШТ-ний мөнгөн медальт, “King Tug” хочит Нямбаярын Төгсцогтын Гери Рассельтэй хийх IBO болон WBC холбооны хагас хөнгөн жингийн мэргэжлийн боксын дэлхийн аваргын төлөөх тулаан Улаанбаатарын цагаар энэ сарын 9-нд болно.


Дэлхийн аваргын төлөө тулалдах Н.Төгсцогтын үндсэн бэлтгэл энэ сарын нэгэнд дууссан билээ. Одоо тэр жингээ үзүүлж, тулалдахад бие, сэтгэлийн хувьд 100 хувь бэлэн болоод байгаа бөгөөд түүний өрсөлдөгч Гери Рассель ч бэлэн болжээ. Энэ хоёр тулаанчийн амжилтын талаар товчлон танилцуулж байна.  


Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт одоогоос 11 жилийн өмнө 17 насандаа ДАШТ-ний, 20 насандаа “Лондон-2012” олимпын наадмын мөнгөн медаль тус тус хүртсэн амжилтаараа Монголын боксчдоос хамгийн залуудаа ийм өндөрт хүрсэн тамирчин болсон юм.


Түүний өвөөгийн удамд Төгсцогт гэдэг бөх 1900-гаад оны эхээр амьдарч байсан гэдэг. Тэр бөх Даншиг наадамд түрүүлж “Улам өрнөх” цол авч байжээ. Энэ бөхийн удамд төрсөн Н.Төгсцогт хүүг сайн бөх болохыг бэлгэдэж, түүний өвөө нь ууган ачдаа Улам-Өрнөх Төгсцогт гэдэг нэр хайрласан гэдэг. Харин эмээ болон аав, ээж нь төрсний гэрчилгээний овог нэр бичих зайд багтахгүй дэндүү урт болохоор Улам-Өрнөхийг нь хасаад Төгсцогт гэж бичүүлсэн аж. Ирээдүйн аварга багаасаа л олимпоос алтан медаль авчирлаа гэж тоглодог байж. Түүнийг өхөөрдөн ойрын хүмүүс бүгд л олимпын аваргаа гэж дууддаг байж. Харин тэр багадаа телевизээр боксын тэмцээн үзээд энэ спортоор л хичээллэхгүй юм шүү, аймаар чанга цохиулаад хэцүү юм байна гэж боддог байснаа хожим дурссан байдаг. Харин өвөө нь түүний нударгыг зангидуулж байгаад гар руугаа цохиулж сургасан бөгөөд өвөөгийнхөө гар руу цохисоор байгаад бокст дурласан байх гэж хэмээн ярилцлагадаа өгүүлсэн удаатай.


Тэр 10 наснаасаа хоёр жил жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн ч бэлтгэлдээ тогтмол явдаггүй, тэмцээн болохоор л очдог байснаа нэг л өдөр секцээ орхисон гэдэг. Н.Төгсцогт хүү олимпын аварга Э.Бадар-Ууганы төгссөн нийслэлийн 79 дүгээр сургуулийг төгссөн бөгөөд Бадраа аварга түүний бахархал байж. Тэрбээр 14 наснаасаа сонирхолдоо хөтлөгдөн боксоор хичээллэж эхэлжээ. Тэр анх кикбоксын УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Харин дараа нь боксын улсын аварга болж удалгүй ДАШТ-ний мөнгөн медаль хүртсэн түүхтэй. Жингээ их хасахаар ус зүүдлэх нь тамирчдад байнга л тохиолддог бөгөөд Төгсцогт ч үүнийг тойроогүй юм. Тэр 2009 онд Ази тивийн АШТ-д маргааш нь жингээ үзүүлэхийн өмнө унтаж байхдаа хөнжлөө барьчихсан үүнийг уучих гээд, хүмүүс инээлдэхээр нь сэрсэн гэдэг. Түүний боксын А үсэг заасан анхны багш нь гавьяат дасгалжуулагч Аабатын Гантулга /Алдар нийгэмлэг/ юм.


2008 онд Якутын Сахад болсон Азийн Хүүхдийн наадмаас хүрэл медаль хүртсэн Төгсөө хүү жилийн дараа л Италийн Миланд болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д аваргын төлөө тулалдсан юм. Боксын спортоор хичээллэсэн гурав дахь жилдээ анх удаа жин өгсөж 51 кг-д тоглосон 17 настай хүү дэлхийн ринг дээр ур чадвараа гайхуулсан нь түүний унаган авьяас, хичээнгүй хөдөлмөрийн үр шим билээ.


Тэрбээр ДАШТ-ий эхний тойрогт Энэтхэгийн С.Маенгбам, хоёрдугаар тойрогт Словакийн П.Сенку, гуравт Ирландын Г.Деклан, хүрэл медалийн төлөө Италийн В.Пикардиг 12:7-гоор ялсан. Мөнгөн медалийн төлөө ОХУ-ын боксчин М.Алояныг 8:7-оор буулгаж авсан юм. Ийнхүү 17 насандаа Дэлхийн аваргын төлөө Пуэрто-Рикогийн Мак Уильямс Аррояатай тулалдаж ялагдсан. Улмаар 20 насандаа “Лондон-2012” олимпын наадамд гайхалтай амжилт үзүүлж олимпын аваргын алтан медалийн төлөө Кубын боксчин Рамирез Карразанатай 3 үеийн турш ширүүн тулаан хийж 17:14-өөр хожигдон олимпын мөнгөн медальтан болсон.


Харин "Инчеон 2014" Азийн наадамд БНСУ-ын тамирчинг гурван үеийн турш илүүрхсэн ч ялагдал хүлээсэн. “Рио-2016” олимпын наадмаас гарцаагүй медаль хүртэх боломж дүүрэн байсан Н.Төгсцогт сонирхогчдын боксыг орхиж, шударга тулааныг хүссэн хүсэлдээ хөтлөгдөн АНУ-ыг зорьж мэргэжлийн боксын тамирчин болохоор зориг шулуудсан билээ.



Монголчууд мэргэжлийн боксоор 1995 оноос хүч үзэх болсон бөгөөд Монголын мэргэжлийн боксын анхдагч Дугарбаатарын Лхагваа нь Монгол Улсаас тодорсон анхны дэлхийн аварга бөгөөд WBA холбооны 2 жингийн дэлхийн аварга юм. Монгол Улсын гавьяат тамирчин Д.Лхагваа WBA /Дэлхийн боксын холбоо/-ны хөнгөн жин, супер хөнгөн жингүүдэд дэлхийн аварга цолыг хүртсэн бөгөөд мэргэжлийн боксын рингэнд 26 удаа тоглосноос 21 ялж /үүнээс 18 нь хүнд цохилтоор/, 1 тэнцэж, 4 ялагджээ.

Түүний араас мэргэжлийн боксоор тодорсон “Монгол Дайчин” хочит Монгол Улсын гавьяат тамирчин Чойжилжавын Цэвээнпүрэв. Тэрбээр 2005 онд мэргэжлийн боксын World Boxing Foundation International холбооны аварга, 2008 онд мэргэжлийн боксын WBU холбооны аварга, 2012 онд WBC International холбооны “Мөнгөн бүс” шагнал тус тус хүртсэн байна. Тэрбээр нийт 42 тулаан хийж 36 ялалт авсан бөгөөд 24 удаа нокаутаар ялж, 6 удаа ялагджээ. Тэдний араас мэргэжлийн бокст хүчээ сорьсон С.Шинэбаяр нарын монгол залуус бий. Харин мэргэжлийн боксын дэлхийн аварга Д.Лхагваа, Ч.Цэвээнпүрэв нарын амжилтыг эвдсэн монгол боксчин өнөөг хүртэл хараахан төрөөгүй юм.


Харин “King Tug” нэрээр Н.Төгсцогт мэргэжлийн боксын ертөнцөд цахиур хагалж эхэлсэн билээ. Н.Төгсцогтын мэргэжлийн боксын ринг дэх анхны өрсөлдөгч нь АНУ-ын 30 настай Габриэл Брэкстон байв. Тэрбээр 2015 оны гуравдугаар сарын 13-нд Брэкстоныг эхний раундад /50 сек/ хүнд цохилтоор ялж, мэргэжлийн боксын гараагаа эхлүүлсэн юм. Түүний дараагийн тулаан АНУ-ын Калифорни мужийн Карсон хотноо Мексикийн боксчин Мануэль Рубалкаватай хийсэн бөгөөд түүнийг нэг минут 24 секундэд буулгаж авсан. Мексикийн боксчин Артуро Бадилло түүний гурав дахь өрсөлдөгч байсан бөгөөд Бадиллогийн дасгалжуулагч татгалзсанаар ээлжит ялалтаа авлаа. Дөрөв дэх тулаанаа Калифорни Коста-Месад 2015 оны 12 дугаар сарын 03-нд Мексикийн тулаанч Педро Мелотой хийж II раундад хүнд цохилтоор ялсан.


Түүний тав дахь өрсөлдөгч нь АНУ-ын Хуан Руйз байлаа. Тэр эхний дөрвөн үе тэсээд л ялагдсан. Н.Төгсцогт АНУ-ын Миссисипи мужийн Туника хотноо “Horseshoe Tunica Hotel&Casino”-д “Dynamite” хочит Рафаэль Васкестай 6 дахь тулаанаа хийж, эхний үед буюу минут 1 минут 24 секундэд өрсөлдөгчөө буулгаж авлаа. АНУ-ын Калифорни мужийн Коста Меса хотын “Orange Сounty Fair” цогцолборт Мексикийн Г.Меразтай Н.Төгсцогт мэргэжлийн боксын 7 дахь тулаанаа хийж YI раунд Г.Марез бууж өгсөн. Түүний 8 дахь тулаан Филиппиний Жон Хеминотой хийсэн тулаан байсан бөгөөд “King Tug” найм дараалан ялсан.


“King Tug” 2018 онд Их эзэн Чингис хааны төрсөн өдөр мэргэжлийн боксын ринг дээр 9 дэх ялалтаараа монголчууддаа бэлэг барилаа. Тэрбээр Филиппиний боксчин 23 настай Хармонито Дела Торретэй тулалдсан. "Алх" хочит Торре мэргэжлийн рингэнд 19 тулаан хийж, нэг ч ялагдаагүй байсан юм. Хүнд тоглолтын эцэст гурван шүүгч гурвуулаа Төгсцогтод санал өгч, тэрбээр ес дэх ялалтаа авсан. “King Tug” 2018 оны тавдугаар сард 10 дахь тулаанаараа Колумбын Оскар Эскандоныг нам цохив. Ийнхүү дараалсан 10 тулаанд ялалт байгуулсан


Төгсөө мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа Доминиканы боксчин Клаудио Маррейротой 2019 нэгдүгээр сарын 26-нд Нью-Йорк хотын Бруклин "Barclays Center"-т хийсэн юм. Тэдний хэн ялсан нь IBO холбооны Дэлхийн аварга болох байв. Мөн ялагч нь WBC холбооны 57,2 кг-ийн жингийн аварга АНУ-ын Гэри Расселлтай тулалдах болсныг WBC албан ёсоор зарласан. К.М.Гузман 29 настай, 2010 оноос мэргэжлийн боксоор 25 тулаан хийж 23 ялж /17 КО буюу хүнд цохилт/, хоёр удаа ялагдсан байна. Мөн 2012 онд WBC -ийн Төв Америкийн аварга болсон бөгөөд хоёр ч удаа аварга цолоо хамгаалжээ. Тэр 2017 оны дөрөвдүгээр сард WBC, IBO---гийн аварга болсон цолоо хамгаалж чадаагүй бөгөөд WBC-ийн чансааны хоёрдугаарт бичигдэж байсан юм.


Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын 11 дэх тулаанд Доминиканы боксчин К.М.Гузмантай 12 раунд хүч үзэн ялсан. Н.Төгсцогт маш зальтай, хурдтай өрсөлдөгчөө 4 дүгээр раундад хүнд цохилтоор ялах боломж байсан ч тэр яарахгүй байв. "King Tug" Н.Төгсцогт 12 дугаар раундад өрсөлдөгчдөө хэд хэдэн удаа хүчтэй цохисон бөгөөд өмнөх раунд бүрт илүүрхэж байсан юм. Харин тэр өөрийн тоглолтын ур чадвараа бүрэн харуулалгүй ийнхүү эзэнгүй байгаа IBO холбооны Дэлхийн аварга цолын эзэн болсон юм.


Одоо "King Tug"-ийг WBC холбооны аваргын төлөө хүч үзэхээс эхлээд олон ширүүн тулаан хүлээж байна.

Мэргэжлийн боксчин Н.Төгсцогтын дараагийн өрсөлдөгч АНУ-ын тамирчин, 31 настай Гери Рассель. Тэрбээр мэргэжлийн боксын ринг дээр 30 удаагийн халз тулаанд хүчээ сорьсноос 17-г нь хүнд цохилтоор ялжээ. Тэр ганцхан удаа ялагдаж, дэлхийн аварга цолыг гурван удаа хамгаалсан шилдэг боксчин юм. 


Мэргэжлийн боксын рингэнд 11 тулаан хийж бүгдэд нь ялж IBO холбооны хөнгөн жингийн дэлхийн аварга болсон “King Tug” хочит Н.Төгсцогтын 12 дахь тулаан цаашдын нь амжилтын гарааг тодорхойлох тун чухал тулаан байх юм.



Олны анхаарлыг өөртөө татах өвөрмөц тоглолт, өнгө төрхтэй Гери Рассель Америкийн шилдэг тулаанчдын үргэлжлэл хэмээгддэг. Тэрбээр Вашингтон хотод 1988 онд төрсөн бөгөөд багаасаа л боксын ринг рүү татагдаж, алдартнуудын зургийг ханандаа хаддаг хүүхэд байсныг түүний ээж нь дурссан байдаг. Улмаар 7 настайгаасаа боксын дугуйланд орж, улмаар 10 наснаасаа эхлэн сурагчдын тэмцээнүүдэд оролцож эхэлжээ. Тэр 16 насандаа өсвөрийн боксчдын “Алтан бээлий” тэмцээн болон сонирхогчдын боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, олны хараанд өртжээ. Улмаар жилийн дараа Үндэсний “Алтан бээлий” болон АНУ-ын аварга шалгаруулах тэмцээнд аваргалж, энэ хоёр тэмцээнд зэрэг түрүүлсэн хоёр боксчны нэг болж байжээ. АНУ-ын Чикаго хотод болсон сонирхогчдын боксын ДАШТ-ний медалийн төлөөх тулаанд ОХУ-ын Сергей Водопяновт 16:6-гаар хожигдож байв.


Тэр 2008 оны Бээжингийн олимпод оролцох байсан ч жингээ их хассанаас болж, тоглоогүй байна. Түүний зүүн гарын мөрний бэртэл, мөн олон удаа жин хассан нь сонирхогчдын боксын замналаа дуусгах шалтгаан болсон аж. Харин гэмтлээ эдгээгээд мэргэжлийн бокс руу орох шийдвэр гаргажээ. Тэрбээр 2009 оны эхээр мэргэжлийн боксын анхны тулаанаа Антонио Рейстэй хийж, гуравхан минутад ялсан юм. Улмаар 2 жилийн дотор 13 удаа тулалдаж, бүгдэд ялсан нь түүний нэр хүнд бусдаас хурдан цойлон гарсан гэдэг. 2011 онд мөн л зургаан тулаан хийж, бүгдэд нь ялжээ. Мэргэжлийн боксын “the RING”, "ESPN", "Sports Illustrated" зэрэг сэтгүүл Г.Расселийг ирээдүйтэй тамирчнаар нэрлэснээр түүнийг шүтэн бишрэгчид эрс өссөн юм. Мэргэжлийн тулаанч болоод таван жилийн дараа Олон улсын боксын байгууллагын бүсийн төлөөх тулааныг алгасан, амжилтыг нь харгалзан шууд Дэлхийн боксын холбооны бүсийн төлөө тулалдах эрх авч чадсан юм. Түүний өрсөлдөгч сонирхогчдын боксын дэлхий, олимпын хошой аварга Украины тулаанч Василь Ломаченко байв. Энэ тулаанд Гери Рассель шүүгчдийн шийдвэрээр ялагдал хүлээсэн. Тэр шүүгчдийн буруу шийдвэр гэж заргалдсан ч тус болоогүй.


Тэрбээр нэг тулаанд ялалт байгуулсны дараа дахин Дэлхийн боксын зөвлөлийн бүсийн төлөө тулалдах болж Мексикийн боксчин Жонни Гонзалезтай тулалдаж, гуравдугаар үед техникийн илт давуугаар буулган авсан. Улмаар дараалсан гурван тулаанд Дэлхийн боксын зөвлөлийн бүсээ хамгаалаад байгаа юм. Гери Рассель нийт 30 тулаан хийснээс 29-д ялсан бөгөөд 17 нь хүнд цохилтоор ялсан юм байна.



АНУ-ын Пенсильваниа мужийн Аллентаун хотноо Мэргэжлийн бокс сонирхогчдын хүсэн хүлээсэн гайхалтай ширүүн тулаан болох цаг мөч хаяанд иржээ. Тиймээ, хоёрхон хоногийн дараа монгол түмний бахархалт боксчин, IBO холбооны дэлхийн аварга, “King Tug” хочит 27 настай Нямбаярын Төгсцогттой америкчуудын итгэл найдвар болсон, мэргэжлийн боксын WBC холбооны 57.2 кг жингийн дэлхийн аварга, “Мистер” хочит, 31 настай “Бага” Гэри Рассель “Дэлхийн аварга” цолоо хамгаалахаар тулалдана.


Ташрамд дуулгахад, Аллентаун хотод энэ өдөр “Дэлхийн аварга”-ын бүсийн төлөөх дөрвөн ч ширүүн тулаан болох юм байна. 



Холбоотой мэдээ