Х.Наранцацрал: Санхүүгийн аудитаар 9,2 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илэрсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-02-05 17:26:41
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын үйл ажиллагаа, 2019  оны  санхүүгийн аудитын дүн, анхаарах асуудлуудын хүрээнд Аудитын менежер Х.Наранцацралтай ярилцлаа.


-Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын үйл ажиллагааны талаар танилцуулна уу, танай байгууллага яг ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Төрийн аудитын газар нь санхүү, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийдэг. Гүйцэтгэл болон нийцлийн аудитын сэдвүүдийг Төсвийн байнгын хороо баталж, Ерөнхий аудиторын тушаалаар баталгаажаад тухайн жилдээ гүйцэтгэдэг  байгаа.

Өнгөрсөн онд “Улсын төсвийн 2018 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, үр ашиг”, “Төрөөс сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа өнөөгийн байдал, үр дүн”, “Орон нутгийн төсвийн 2018 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн”, “Хүнс хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагаа, үр дүн, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалт, үр дүн”-д тус тус гүйцэтгэлийн аудит хийсэн.

Харин нийцлийн аудитыг “Шилэн дансны хуулийн хэрэгжилт”, “Иргэн хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа нь Газрын тухай хуульд нийцсэн эсэх”, “Орон нутгийн өмчийн газрын үйл ажиллагаа, үр дүн”, “Орон нутгийн хөгжлийн сангийн 2018 оны хөрөнгийн зарцуулалт үр дүн”-ийн байдалд хийсэн.

Энэ хоёр аудитын хувьд ямар ялгаатай вэ гэхээр, гүйцэтгэлийн аудит нь шалгуулж байгаа байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн нөөцийг хэрхэн арвич хямгач, үр ашигтай бөгөөд үр нөлөөтэй ашиглаж байгааг шалгаж, дүгнэлт, зөвлөмж гаргадаг бол нийцлийн аудит нь аудит хийлгэсэн байгууллага үйл ажиллагаандаа хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актаар тогтоосон шаардлагыг хэрхэн сахин биелүүлж байгааг шалгаж дүгнэлт, зөвлөмж гаргадаг.

Харин санхүүгийн тайлангийн аудит бол Төсвийн тухай хуулийн цагалбарт хугацаанд төсвийн байгууллага, төсвөөс санхүүждэг сан, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудад санхүүгийн тайлан, санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн болон мөнгөн гүйлгээг нягтлан бодох бүртгэлийн хууль, журам, стандартад нийцүүлэн үнэн зөв гаргасан эсэхэд дүгнэлт гаргаж баталгаажуулдаг үйл ажиллагаа.

Ер нь бол жил болгон 200 гаруй байгууллагад санхүүгийн аудит хийдэг. Өмнөх жилүүдэд дөрвөн аудитор маань байгууллагуудаа хуваарилж аваад санхүүгийн аудит хийдэг байсан. Гэтэл энэ хүмүүсийн маань ачаалал их байсан учраас 2020 онд бүх аудиторууд маань санхүүгийн аудитыг гүйцэтгэж байна.

Нэг хүн дунджаар 15-20 байгууллагад аудит хийж байгаа гэсэн үг. Санхүүгийн тайлангийн аудитыг хоёр төрлөөр гүйцэтгэдэг. Аудитын 5 үе шатыг бүрэн хэрэгжүүлж дүгнэлт гаргах, үе шатны ажлыг хэсэгчлэн гүйцэтгээд түүвэрт хамруулах гэсэн хоёр янзаар гүйцэтгэдэг.

Дүгнэлт нь зөрчилгүй, хязгаарлалттай, сөрөг, дүгнэлт өгөхөөс татгалзах гэсэн дөрвөн байдлаар гардаг. Тухайн байгууллагын хувьд аудитын явцад илэрсэн зөрчлөөс нь хамаараад энэ дөрвөөс тохирох хэлбэрээр дүгнэлтээ өгдөг.

Харин түүвэрт хамрагдсан байгууллагуудын хувьд аудитыг хэсэгчлэн гүйцэтгэхдээ төлөвлөх үе шат, гүйцэтгэлийн үе шатанд нь сонгосон эрсдэлийнхээ хэмжээнд үзээд илэрсэн зөрчлийг нь байгууллагадаа танилцуулаад дуусгадаг ийм төрлийн аудит юм.

-Тэгэхээр  төлөвлөлтийн өмнөх үе шат, төлөвлөх, гүйцэтгэх, тайлагнах, тайлагналын дараах үе шат гээд иж бүрэн таван үе шатыг хамруулсан санхүүгийн тайлангийн дүгнэлт нь дөрвөн янзаар гардаг юм байна. “Зөрчилгүй” гэсэн дүгнэлт ямар байгууллагууд дээр гардаг вэ?

-Хэрэв аудитаар илэрсэн зөрчил нь тухайн байгууллагын хувьд материаллаг байдлын түвшнээс бага, илэрсэн агуулгын хувьд ноцтой биш бол “зөрчилгүй” дүгнэлтийг өгдөг.

Материаллаг байдлын түвшин нь төсвийн байгууллагуудын хувьд гол үйл ажиллагааны зардал юм уу, орлого, үндсэн хөрөнгө, тухайн байгууллагын онцлогоос хамаараад үндсэн хөрөнгийн нийт зардлынх нь нэг хувиар юм уу, хоёр хувиар аудитор өөрөө сонгоод “материаллаг байдлын түвшин”-тэй нь харьцуулж, тухайн байгууллагад гарч болох алдааг хязгаарлаж өгдөг.

Жишээ нь 100,0 сая төгрөгийн үйл ажиллагааны зардалтай байлаа гэхэд төсвийн байгууллагын хувьд зөрчил нь нэг юмуу хоёр хувиас хэтрэхгүй байх ёстой л гэж үздэг. Тэр нь ноцтой биш байвал “зөрчилгүй” гэсэн дүгнэлтээ өгдөг.

“Хязгаарлалттай” дүгнэлтийн хувьд тухайн байгууллага дээр нийт гарсан зөрчил нь материаллаг байдлын түвшнээсээ давчихсан, илэрсэн зөрчил нь тухайн байгууллагыг бүрэн хамраагүй, тухайн санхүүгийн тайланд их хэмжээний нөлөө үзүүлэхгүй байх юм бол энэ дүгнэлтийг өгдөг.

Харин илэрсэн зөрчил нь материаллаг түвшнээсээ давчихсан, тухайн байгууллагын олон дансыг хамарсан байвал “сөрөг” дүгнэлт гардаг.

Тухайн байгууллага санхүүгийн тайлан болон материал өгөхөөсөө татгалзсан, аудит хийхэд саад учруулсан, материалаа ирүүлсэн ч гэсэн бүрэн мэдээллээр хангаагүй, дүгнэлт өгөхөд боломжгүй байвал тухайн аудитор дүгнэлт өгөхөөсөө татгалздаг.

-2019 онд аймгийн хэмжээнд хэдэн байгууллагад аудит хийж, тэдний хувьд ямар дүгнэлт гарсан бэ?

-Түрүү жилд нийт 111 байгууллагыг түүвэрт хамруулаад, 87 байгууллагад нь дүгнэлт гаргасан. Түүнээс 70 байгууллагын санхүүгийн тайланд “зөрчилгүй” дүгнэлт, 17 байгууллагын санхүүгийн тайланд “хязгаарлалттай” дүгнэлт өгсөн.

Санхүүгийн тайландаа “Хязгаарлалттай” буюу “сөрөг” дүгнэлт авсан тохиолдолд тухайн төсөв захирагчид “сахилгын шийтгэл ноогдуулах” албан шаардлага хүргүүлдэг. Энэ албан шаардлагыг заавал биелүүлэх шинж чанартай. Хэрэв албан шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол ажлаас халах саналыг харьяа дээд байгууллагад нь хүргүүлдэг.

Тэгэхээр “хязгаарлалттай” дүгнэлт авсан 17 байгууллагынхаа дарга, нягтлан бодогчид сахилгын шийтгэл ноогдуулах санал дүгнэлтийг хүргүүлээд хариуг нь авсан.

-Манай төрийн байгууллагуудын хувьд нийтлэг ямар зөрчлүүд байна, зөрчлийг арилгуулахын тулд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Түрүү жилийн санхүүгийн тайлангийн дүнгээс харахад нийт илэрсэн зөрчлийн 91,3 хувь нь нягтлан бодох бүртгэл хөтлөлттэй холбоотой алдаа гарсан. Энэ  алдааг санхүүгийн аудитын явцад залруулга хийсэн.

Дотоод хяналт, хариуцлагатай холбоотой зөрчил 3,3 хувь, хууль, тогтоомж хэрэгжүүлэхтэй холбоотой зөрчил 2,4 хувь байсан. Зориулалт бусаар зарцуулалт хийсэн, мөн хууль эрх зүйн үндэслэлгүй тушаал гаргаж ажилчиддаа урамшуулал олгосон ч гэдэг юм уу, орлого бүрдүүлэлт, арвилан хэмнэлттэй холбоотой зөрчил 2,1 хувийг эзэлж байгаа. Тэр нь бол дандаа төлбөрийн акттай холбоотой зөрчил юм.

Яг аудитын үр дүнгээр төлбөрийн акт, албан шаардлага, зөвлөмж өгдөг. Залруулах боломжтой алдааг бол аудитын явцад залруулаад явчихдаг.

Төлбөрийн акт нь төвлөрүүлэх ёстой орлогыг төвлөрүүлээгүй, төлбөр тооцоогоо буруу тооцоод илүү олгочихсон ч байдаг юм уу, тийм төрлийн зөрчлийг буцаан төвлөрүүлэхийн тулд хугацаатай төлбөрийн акт тогтоодог. Төлбөрийн акт тогтоосон л бол хугацаандаа төвлөрүүлэх ёстой.

Өнгөрсөн онд санхүүгийн тайлангийн аудитаар нийт 9,201.7 сая төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс аудитын явцад залруулж болох  8,211.5 сая төгрөгийн алдааг санхүүгийн тайланд залруулж, 737.8 сая төгрөгийн зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан шаардлага хүргүүлсэн.

Мөн хохирлыг нөхөн төлүүлэхээр 196.9 сая төгрөгийн төлбөрийн акт тогтоон, санхүүгийн үйл ажиллагааг сайжруулахаар 52.3 сая төгрөгийн зөвлөмж өгч, өмнөх аудитаар гарсан зөрчлийг дахин давтан гаргасан 3.2 сая төгрөгийн зөрчилд хариуцлага тооцуулах санал хүргүүлсэн байгаа.

2018 онтой харьцуулахад зөрчлийн дүн  2.7 тэрбумаар буурсан байна.

Харин хууль тогтоомжийг зөрчсөн, зориулалт бус зарцуулалт хийсэн, нягтлан бодох бүртгэлийн хууль журмыг зөрчсөн байвал албан шаардлага өгөөд тухайн байгууллага өөрөө залруулаад явчихдаг. 

Зөвлөмжийг орлогын хэмнэлт, үүсгэх боломжтой бол түүнийг нь зөвлөмж байдлаар өгдөг. Мөн бодлогын шинж чанартай асуудал, эрх зүйн зөрчилтэй асуудлыг олж харсан бол түүнийгээ залруул гэж зөвлөдөг.

-Өмнөх жил нь гарсан зөрчил дараа жилийн аудитаар дахин давтагддаг уу?

-Зөрчил давтагдах тохиолдол байдаг. Аудиторууд яг тухайн байгууллагыг эхлээд судлаад, жилийн үйл ажиллагааг нь харж байгаад эрсдэлүүдээ сонгодог.

Тухайн жил болгон тухайн байгууллагад санхүүгийн аудит хийж байгаа аудиторуудын арга барил, төсвийн байгууллагуудын тухайн жилийн үйл ажиллагааны онцлог, мөн зарим тохиолдолд ажил хариуцаж байгаа хүмүүсийн хариуцлагаас хамаараад зөрчил давтан гарах магадлалтай.

Зарим хүмүүс ингэж бодоод байдаг, аудитаар л орсон юм чинь ямар ч алдаагүй байгууллага гэсэн ойлголттой байдаг. Манайх бол 100 хувийн дүгнэлт өгдөггүй, яг үзсэн, тогтоосон эрсдэлийнхээ хэмжээнд төлөвлөсөн горим, сорилоо гүйцэтгэсэн хэмжээнд дүгнэлт өгч явдаг.

-Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд жил бүр аудит хийдэг үү, энэ сангийн үйл ажиллагааны хувьд ямар зөрчлүүд нийтлэг байна вэ?

-Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд жил болгон санхүүгийн тайлангийн аудит хийдэг. 2017 оноос хойш СХС-ийн хугацаа хэтэрсэн зээлийг барагдуулах арга хэмжээ авч байгаа.  

Төрийн аудитын газраас 2018, 2019 онд Сум хөгжүүлэх сангийн хугацаа хэтрэлттэй зээлийг тус санд буцаан төвлөрүүлэхээр  нийт 1.2 тэрбум төгрөгийн төлбөрийн акт тогтоож, 2019 оны жилийн эцсийн байдлаар 965.5 сая төгрөгийг төвлөрүүлсэн байна.

Сум хөгжлийн сангийн хувьд хугацаа хэтрэхээс өөр зориулалт бусаар зарцуулсан зөрчлүүд гардаг. СХС-ийн хүүгийн орлогын 50 хувийг сургалт болон хяналт, үнэлгээний ажилд зарцуулах ёстой байдаг. Энэ хязгаарыг хэтрүүлсэн, зориулалт бусаар зарцуулсан зөрчлүүд гардаг. Тухайлбал, сэтгүүлийн эх бэлтгүүлнэ, сэтгүүл авна гээд мөнгөө шилжүүлчихсэн, сэтгүүлээ аваагүй ч гэдэг юм уу зориулалт бусаар зарцуулчихсан зөрчлүүд байна. Тиймэрхүү тохиолдолд төлбөрийн акт тогтоогоод явж байгаа.

-Төрийн байгууллагуудын хувьд санхүүгийн сахилга батаа сайжруулж, зөрчлөө арилгаж, түүнийгээ давтахгүй байхын тулд юуг анхаарах вэ, ер нь энэ чиглэлээр танай чиг үүрэгт сургалт сурталчилгаа хийх үйл ажиллагаа байдаг уу?  

-Аудит хийсэн байгууллагууддаа манай зүгээс “илэрсэн зөрчлүүдээ арилга” гээд дүгнэлт, зөвлөмжөө өгчихдөг. Дараа жил нь дахиад аудит хийхэд тэр зөрчил нь давтагдах тохиолдол байгаад байна.

Дүгнэлт, зөвлөмж авсан байгууллагууд манайд “энэ зөрчлийг арилсан, дахин давтаж гаргахгүй” гээд албан бичиг ирүүлдэг хэдий ч дараа жил нь нөгөө зөрчил давтагдах жишээтэй. Манай байгууллага тухайн жилийн санхүүгийн аудитын дүнг өмнөх оныхтой нь харьцуулаад л явдаг.

Зөрчил жилээс жилд багасч байгаа ч гэсэн дахин давтагдаад байгаа нь ажил хариуцсан хүмүүс, төсвийн захирагчийн хариуцлагатай л холбоотой.

Сургалт зохион байгуулах үйл ажиллагаа манай байгууллагын чиг үүрэгт байдаггүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд аймгийн ЗДТГ-ын Санхүүгийн хяналт, аудитын алба, Санхүү төрийн сангийн хэлтэстэй хамтраад бүсчилсэн сургалт, уулзалтуудыг зохион байгуулж, аудитаар илэрсэн зөрчлүүдийн талаар танилцуулж, зөвлөгөө өгсөн. Ингэж нэгдсэн ойлголтод хүрч, чадавхжуулах нь их үр дүнтэй байна.

Эцэст нь хэлэхэд төсөв захирагчид, ажил хариуцсан хүмүүс хууль журмаа мэдэж, хэрэгжүүлж, санхүүгийн сахилга баттай байхыг эрхэмлэх нь л чухал юм.

 

-Ярилцлага өгсөн Танд баярлалаа. 

Холбоотой мэдээ