Ардчилсан намын сунгаанд Сандерс ялсан гэж мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ДЕ-МОЙН (Айова муж улс, АНУ). /RIA Novosti/. АНУ-ын Айова муж улсад явуулсан Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах сунгаанд сенатч Берни Сандерс ялсан гэж түүний сонгуулийн штаб “дотоод мэдээллээсээ” иш татан мэдэгджээ.
Сандерсын штабын ажилтнууд санал хураалтын үеэр бие даан саналын хуудсыг тоолсон байна. Штабаас нь мэдээлснээр, Сандерс 29.7 хувийн санал авсан бол Пит Буттижич 24.6 хувийн саналтайгаар хоёрдугаарт, Элизабет Уоррен 21.2 хувийн санал авч гуравдугаарт орсон байна. Харин Жо Байден 12.4 хувийн санал авч дөрөвдүгээрт, Эми Клобушар 11 хувийн дэмжлэгтэйгээр тавдугаарт бичигджээ. Санал хураалтад нийтдээ Ардчилсан намын 79 мянга гаруй сонгогч оролцсон гэж Сандерсын штабын мэдээлэлд дурдсан байна.
“Айаво муж улсын Ардчилсан нам санал хураалтын дүнг нийтэлж чадаагүйн улмаас, мөн ил тод байлгах үүднээс дүнг нийтэлж байна” гэж мэдэгдэлд дурджээ.
Айова муж улсад болсон Ардчилсан намын сунгааны дүнг тус муж улс дахь намын салбар нийтэлж чадаагүйн улмаас сунгаа урьд өмнө болж байгаагүй бүтэлгүйтлээр дууссан байна.