Ахмадууд бүжгээр хичээллэж зөв амьдрах дадлыг хэвшүүлж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-02-04 15:38:34

Завхан /МОНЦАМЭ/.Завханы ахмадын хорооноос нийтийн бүжиг, жавхаат хэмнэл аэробик дасгалыг зааж 70 гаруй ахмад настныг зөв дадалтай болгожээ.

Тус хорооноос “Монгол Улсын хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стратеги”, “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд жилийн турш ахмадуудад бүжиг, жавхаат хэмнэл аэробик дасгалыг заадаг ажээ. Хүн амын эрүүл зан үйл, эрүүл насжилтыг дэмжих, ахмад настны амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой тус үйл ажиллагаа жил бүр уламжлал болж өргөжсөөр байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар Завханы Ахмадын ордонд 70 гаруй ахмад бүжгийн өдөр бүрийн хичээлд суралцжээ.

Анх 2018 оноос эхэлсэн “Жавхаат хэмнэл” аэробик дасгалын сургалтад Улиастай сумын зургаан багаас 24 ахмад оролцож 18 сургагч багш аэробик заах багшаар бэлтгэгджээ. Эдгээр багш нар эхний ээлжинд Улиастай сумын зургаан багийн иргэдийн хөгжлийн төв, сумын Засаг дарга, Өрхийн эмнэлэгтэй хамтран долоо хоногт хоёр удаа “Жавхаат хэмнэл” аэробик дасгалын хичээлийг ахмадуудад явуулсан байна. Харин одоо 24 сумын ахмадуудад сард хоёр удаа “Жавхаат хэмнэл” аэробик дасгалын хичээлийг тусгай төлөвлөгөөний дагуу заадаг болжээ. Мөн ахмад настан бүрийг энэхүү дасгалаар хичээллүүлдэг болгох, тэдний эрүүл мэнд, эрүүл зөв амьдрах дадлыг нэмэгдүүлэх олон талын ажлыг хийхээр төлөвлөж буйг аймгийн Ахмадын хорооноос өглөө.

 

Холбоотой мэдээ