ЭМЯ: Шинэ коронавируст халдварын талаарх бодит мэдээллийг нуугаагүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-01-28 14:41:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт нас барсан хүүхдийн шинжилгээний урьдчилсан хариу 24-48 цагийн дотор гарна. Эцсийн оношийг Японы талд өгч батаалгаажуулж байж баттай хариуг өгнө хэмээн Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээллээ.

ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, “Монгол Улсад шинэ төрлийн коронавируст халдвар бүртгэгдээгүй. Нэгдүгээр сарын 9-27-нд нийт 13 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан лабораторийн шинжилгээнд сорьц авч шинжилсэн. Тэдгээр иргэн БНХАУ-д зорчсон, халуурсан шинж тэмдэгтэй байсан бөгөөд дөрвөн хүнээс томуугийн А хүрээний вирус илэрсэн.  Архангай, Ховд аймагт сэжигтэй тохиолдол гарсан нь албан ёсоор үгүйсгэгдсэн. Халуурсан, уушгины хатгалгааны улмаас нас барсан тохиолдлыг шалгаж байна. Хонконгоос ирсэн хоёр оюутан, Өмнөговь, Булган, Хэнтий аймагт халуурсан тохиолдол гарсныг тодорхойлохоор ажиллаж байгаа. Шинжилгээний хариу гарсан даруйд мэдээлэх болно. Оношлуур өчигдөр Японы Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс ирсэн, ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторид ашиглаад эхэлсэн" гэв.


2019 оны жилийн эцсээр Монгол Улсын хэмжээнд уушгины хатгалгаа өвчнөөр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 78 141 тохиолдол, уушгины хатгалгаа өвчний улмаас өвчнөөр нас барсан 431 тохиолдол гарчээ.


ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: ЭМЯ-наас эмнэлгийн бэлэн байдлыг шалган, үнэлгээ зөвлөмжөө өгч байна. Орон нутгийн байгууллагуудаас мэдээллийг цаг тухайд нь авч, тусгаарлах өрөө, эмийн нөөц зэргийн зургийг авч байна. Түүнчлэн мэргэжлийн эмч нар зөвлөгөө, мэдээллийг түгээж байгаа. Одоогоор эмнэлгийн оношилгоо эмчилгээний эм тариа, багаж хэрэгсэл дутсан зүйлгүй, хэвийн байна. БНХАУ-д сар шинийн баяр болж байгаатай холбоотой хилийн хязгаарлалт хийсэн байсан. Энэ хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор хилээр орж ирэх монгол иргэдийн тоо нэмэгдэж байна. Тиймээс бид хилийн боомт дээр хийх тандалт, судалгааны ажлыг эрчимжүүлэхэд МХЕГ болон бусад мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Сэжигтэй тохиолдол илэрвэл тусгаарлах өрөөг бэлдсэн. Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт нас барсан хүүхдийн сорьц шөнө ирсэн. Эхний оношлуурын шинжилгээгээр урьдчилсэн байдлаар 24-48 цагийн дотор хариу гарна. Эцсийн оношийг Японы талд өгч батаалгаажуулж байж баттай хариуг өгнө. Одоогоор хариу гараагүй байна .

МХЕГ-ын экспорт, импорт хилийн хорио цээр хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар: Нөхцөл байдал хүндэрч, өвчтэй, сэжигтэй тохиолдол илэрсэн хүний тоо хөрш зэргэлдээ улсад олширч байгаа учир бид онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдалд хил дээр ажиллаж байна. Хилийн боомтод 454 байцаагч ажилладаг. Үүний 100 гаруй нь эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагч  нар юм. Энэ сарын 7-27-нд нийтдээ 13 тохиолдолд  судалгаа хийж түр тусгаарласан байгаа. Үүний 7 тохиолдлыг манай хилийн боомт илрүүлсэн. Замын-Үүд, Буянт-Ухаа боомтоор илэрсэн сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д шилжүүлсэн. Бид Шадар сайдын 8-дугаар тушаалын дагуу ажилладаг" гэж мэдэгдэв.

Мэдээллийн төгсгөлд Монголд шинэ төрлийн коронавируст халдвар орж ирсэн, салбарын яам нууцалж байна гэх иргэдийн хардлага байгаа юм. Сэтгүүлчдийн энэхүү асуултад албаныхан, “Ямар ч бодит мэдээллийг бид нуугаагүй. Нэг ч иргэнийг айлгаж, сандаргамааргүй байна. Бодит мэдээллийг бид хүргэхийг зорьж байна. Мэдээллээ бид найдвартай эх сурвалж болох ДЭМБ, Хятадын Эрүүл мэндийн хороо, Синьхуа агентлаг зэргээс авч хүргэж байна” гэсэн хариулт өглөө.



 

Холбоотой мэдээ