АНУ-ын эрх баригчид жирэмсэн эмэгтэйчүүдэд виз олгох журмыг чангатгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-01-23 14:50:21

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа нэгдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн жирэмсэн эмэгтэйчүүдэд виз олгох шинэ журам нэвтрүүлэхээр төлөвлөж байна.


"Associated Press" агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын дипломат төлөөлөгчийн газруудын ажилтнууд жирэмсэн эмэгтэйчүүдийн виз олгох хүсэлтийг хүлээж авахдаа хүүхдээ төрүүлэх нь тус улсад зорчих гол зорилго мөн эсэхийг шалгах аж. Хүүхдээ төрүүлэхийг гол зорилго гэж үзэх тохиолдолд эдгээр эмэгтэйчүүдийн хүсэлтийг АНУ-д эмнэлгийн тусламж авах хүсэлтэй гадаадын иргэдийн хүсэлттэй адил авч үзнэ. Энэ тохиолдолд виз олгохоос татгалзсан жирэмсэн эмэгтэйчүүд АНУ-д эмнэлгийн тусламж авах хүсэлтэй гэдгийг нь нотлох баримтыг танилцуулах, мөн ийм үйлчилгээ авах хангалттай хэмжээний хөрөнгөтэй байх ёстой гэнэ.


АНУ-ын Төрийн Департамент шинэ журмын талаар пүрэв гарагт албан ёсоор мэдээлэл хийнэ гэж эх сурвалж хэлжээ. Журам мөн баасан гарагаас хэрэгжиж эхлэх төлөвтэй байна. Статистикийн мэдээллээр, 2012 онд 36 мянга орчим эмэгтэй хүүхдээ төрүүлэхийн тулд АНУ-д тусгайлан очсон бөгөөд дараа нь тус улсаас явжээ.


Холбоотой мэдээ