Аймгийн 18 сум 87 багт цэргийн бүртгэлийг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-01-22 09:12:12

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжийн дагуу тус аймгийн 18 сум 87 багт цэргийн бүртгэлийг зохион байгуулж байна.

Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасанчлан ийнхүү 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж болох багийн төв дээр хийж байна.

Бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 60 хүртэлх насны бэлтгэл дээд болон ахлах офицерууд, 55 хүртэлх насны бэлтгэл дунд офицер болон ахлагч нар хамрагдах юм. Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 дүгээр тушаалаар баталсан журмын дагуу бүртгэлийн ажлыг явуулж буй ажээ. Цэргийн бүртгэлийн тогтолцоо нь цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, чанарт дүн шинжилгээ хийх үйл ажиллагаа юм.


Холбоотой мэдээ