Зээлжих зэрэглэл тогтоох компани байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-01-21 17:46:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) манай улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд санхүүгийн хэрэгслүүдийг төрөлжүүлэх талаар Японы олон улсын хамтын ажиллагааны "Жайка" байгууллагатай хамтран ажиллаж байна. 

Энэ хүрээнд "Хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх нь" төсөл хэрэгжүүлж байгаа юм. Энэ талаар СЗХ-ноос зохион байгуулсан "Компанийн бондын зах зээлийн хөгжил ба зохицуулалтын орчин" сэдэвт хэлэлцүүлгээр танилцуулсан юм. Хэлэлцүүлгийн үеэр Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр "Монголын даатгалын холбоо" болон арилжааны банкуудтай хамтран зээлжих зэрэглэл тогтоох компани байгуулахаар төлөвлөж буйг мэдээлсэн. Мөн андеррайтер, брокер дилерийн компанийг зээлийн мэдээллийн санд нэвтрэх эрхтэй болгох, татварын багц хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж буйг дуулгасан юм. 


Учир нь өнөөдөр манай улсад компани хөрөнгийн болон санхүүгийн зах зээлд бонд гаргахад үйлчилгээний шимтгэл болон хураамж өндөр, зээлжих зэрэглэл тогтоох санхүүгийн үйлчилгээний тогтолцоо бүрэн хөгжөөгүй байгаа. Үүнийг мэргэжилтнүүд, эдийн засагч нар дээрх уулзалт хэлэлцүүлгээр хөндөж байв. Олон нийтэд санал болголгүйгээр бонд гаргах харилцааг холбогдох хууль, тогтоомжид тодорхой тусгаагүй зэрэг зүйл тулгарч буйг мөн хэлж байлаа. 

Тиймээс зээлжих зэрэглэл тогтоох компани байгуулах санал, байр суурь үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүдээс гарч,  "Жайка" байгууллагаас манай улсад хэрэгжүүлж буй “Хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх" төслийн 2 дахь шатаа бондын зах зээл буюу компанийн бондын зах зээлийг хөгжүүлэхэд анхаарч энэ тал руу чиглүүлээд байна.

"Жайка"-гаас хэрэгжүүлж буй “Хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх" төслийн II шат 2022 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжилнэ.

Тодруулга: Монголд хөрөнгийн зах зээл үүссэн өнгөрсөн 29 жилд манай улсын 16 компани олон нийтэд бонд санал болгон гаргаж үнэт цаасны зах зээлээс 25.6 тэрбум төгрөг татан төвлөрүүлжээ. 

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал


Холбоотой мэдээ