Өнгөрсөн онд гэмт хэрэг, зөрчлийн тоо буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүд Увс аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны жил эцсийн тайлантай өнөөдөр танилцаж, цаашид хэрхэн ажиллах талаар зөвлөмж чиглэл өглөө.
Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд гарсан гэмт хэрэг, зөрчлийн тоо өмнөх оноос 1,6 хувиар буурсан байна. 2019 онд иргэдийн өмчийг хулгайлах гэмт хэрэг 22,6 хувиар, хүний эрүүл мэнд, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 6,1 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг 8 нэгжээр, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 7 нэгжээр тус тус буурчээ.
Мөн аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт өмнөх оны мөн
үеэс 1,5 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж. Гэхдээ иргэдийн өмчлөх эрхийн
эсрэг гэмт хэрэг 3,6 хувиар, мал хулгайлах гэмт хэрэг 10,4 хувиар өссөнд
дүгнэлт хийж, цаашдаа энэ талаар анхаарч ажиллахыг аймгийн Цагдаагийн газрын
удирдлагуудад Иргэний зөвлөлийн гишүүд зөвлөсөн юм.
Тэрчлэн, Цагдаагийн газраас аймгийн Засаг даргад хүсэлт
хүргүүлж, долоо хоног бүрийн баасан гарагт аймгийн нутаг дэвсгэр дээр архи,
согтууруулах ундааны зүйл худалдаж, үйлчлэхийг хориглосон захирамж гаргуулснаар
баасан гарагт гарах гэмт хэрэг, зөрчлийн тоо бусад гарагаас буурсан үзүүлэлттэй
байгаа нь сайшаалтай байжээ.
Иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид 821 сая гаруй
төгрөгийн хохирол учруулсан 209 холбогдогчтой, 170 хэрэг, үйлдлийг аймгийн
Цагдаагийн газар 2019 онд илрүүлэн шалгасан байна. Үүнийг урьд оны мөн үетэй
харьцуулахад илрүүлсэн хэрэг, үйлдэл 38,2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж.