Хотын дарга С.Амарсайхан Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ажиллав

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-01-11 13:30:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өчигдөр оройн 23.00 цагт /2020.1.10/ ЦЕГ-ийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн удирдлагуудад урьдчилан мэдэгдэлгүйгээр очиж ажиллалаа.

Тэрбээр, нийслэлийн иргэдийн өмнө тулгардаг  хэрэг зөрчил, гал түймэр, гамшиг осол, эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх үүргийг хүлээн камерын тусламжтай хянан ажилладаг  тус төвийн ажилтан албан хаагч, операторуудтай уулзав. Энэ үеэр тэрбээр тэдний ажиллах орчин, ажлын ачаалал, ажиллах орчин, иргэдээс ирэх дуудлагын агуулга, тоо хэмжээ, иргэнд очиж үйлчлэх хугацаа, техникийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын  талаар ярилцаж, дуудлага өгсөн иргэнтэй утсаар холбогдон санал бодлыг нь сонслоо.

Тус төвийн хувьд Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын газар, Яаралтай тусламжийн төвийн мэдээлэл хүлээн авах үйл ажиллагааг бүрэн автоматжуулж, цахим мэдээллийн болон яриа, хяналтын камерын бичлэгийн сан бүрдүүлэн ашигладаг байна.

Хотын дарга С.Амарсайхан тус төвийг үүсгэн байгуулснаас хойш буюу 10 гаруй жил ажиллаж байгаа цагдаагийн ахмад Д.Лхагвадуламтай ажил үүргийн нь талаар   ярилцлаа.

Тэрбээр, “Баасан гарагт манай төвд хандах дуудлагын тоо харьцангуй ихэсдэг. Учир нь ажлын сүүлийн өдөр гэдгээр иргэд баяр тэмдэглэх, архидан согтуурах, үүнээс үүдэн олон нийтийн газар танхайрах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явдал гардаг. Одоогоор 103 буюу  яаралтай түргэн тусламжийн дуудлагад 37 машин гарчихсан явж байна. Эдгээр машины хаана явж байгаа байршлыг GPS систем ашиглан харж болдог. 102 буюу Цагдаагийн дуудлагыг бид тухайн дүүргийн цагдаагийн хэлтэстэй холбосноор цагдаагийн машин харьцангуй түргэн очдог бол 103, 105-ын автомашин замын ачаалал түгжрэлээс хамааран 20-30 минутын дараа очих тохиолдол гардаг гэдгийг Хотын даргад тайлбарлав.

Хотын захирагч  С.Амарсайхан “Иргэд дуудлага ирэхдээ удаан, дуудлагаар ирсэн боловч шаардлагатай эмч тариа хийхгүй байна, бүрэн гүйцэд арга хэмжээ авч чадахгүй байна, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхгүй байна, эмч ажилтнууд харилцааны соёл муутай байна” гэх зэрэг гомдлыг бидэнд нэлээд ирүүлдэг. Дуудлагын эмч, цагдаа, онцгойгийн ажилтнуудын хувьд ажлын  ачаалал ихтэйг бид ойлгож байгаа. Гэхдээ иргэд яарсан, эмчилгээ үйлчилгээ түргэн хийлгэе гэсэн хүсэл эрмэлзэлтэй, бухимдсан, сандарсан хүмүүс байгааг та бүхэн анхаарч мэргэжлийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, сэтгэл зүйн хувьд хүлээцтэй, тэвчээртэй байхад анхаарч ажиллах нь зүйтэй” гэдгийг онцлон хэллээ.


Холбоотой мэдээ